Эрүүгийн цагдаагийн албанаас археологийн үнэт олдвор байж болзошгүй амьтны ясыг худалдан борлуулах зорилгоор хадгалсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн “Г” нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зоорь ухаж байгаад 40 см орчим урт амьтны чөмөгний хэлбэртэй яс байж болзошгүй зүйлийг олж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүй, хадгалж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Олдсон эд мөрийн баримтад Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнд шинжээч томилж, шинжилгээ хийлгэхэд “Дөрөвдөгчийн галавын мөстлөгийн үе буюу одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хөхтөн амьтны нэг болох Савагт хирс (Coelodonta antiquitatis)-ний шилбэний яс буюу соёлын биет өв болох нь тогтоогдоод байна.
Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмагаас шалтгаалж, олдворыг эвдэх, гэмтээх, устгах, завших, үрэгдүүлэх, бусдад худалдаалах зэргээр Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт холбогдох байдал цөөнгүй бүртгэгдэж байна.