ХАМАС бүлэглэл сарын өмнө Израил руу гэнэт халдсаны хариуд Израилын арми Газын зурваст цохилт өгч, олон мянган хүн амиа алдсан юм. Сүүлийн үеийн мэдээллээр, Газын зурваст амиа алдсан хүний тоо 10 мянгыг давж, энэ бүс нутагт хүмүүнлэгийн сүйрэл нүүрлэсэн. Улмаар энгийн иргэдийн амь насыг хамгаалах, шаардлагатай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор дэлхийн улс орнууд сөргөлдөгч талуудыг гал зогсоох, хүмүүнлэгийн түр завсарлага авах зэрэг төрөл бүрийн уриалга гаргасаар байна.
Энэ удаад, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярилцаж, энэ үеэрээ, Газын зурваст хүмүүнлэгийн түр завсарлага авахыг Нетаньяхугаас хүссэн талаараа мэдэгджээ. Харин Нетаньяху ямар хариу өгсөн талаар тэрбээр мэдээлээгүй байна.
Энд дуулгахад, НҮБ дайныг түр зогсоох хэд хэдэн хувилбарыг дэвшүүлсэн байдаг. Эдгээрийн зарим нь энх тайвныг тогтоох бол нөгөө хэсэг нь энгийн иргэдийн зовлон шаналлыг багахан хөнгөвчлөхөд чиглэгдсэн байдаг аж. НҮБ-ын тодорхойлсноор долоон төрлийн улс төрийн болон хүмүүнлэгийн түр завсарлага бий. Эдгээрээс, "хүмүүнлэгийн түр завсарлага" гэдэг нь байлдааны ажиллагаа явагдаж буй тухайн газар нутгийн хүрээнд тодорхой хугацаанд байлдааны ажиллагааг түр зогсоох үйл явцтай адил бөгөөд гэхдээ чухамхүү "хүмүүнлэгийн зорилгыг биелүүлэх" зорилготой байдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |