Одоогоос дөрвөн жилийн өмнө Англи дахь үзэсгэлэнгээс алдагдсан алтан суултуурын хэргийн шүүх хурал Англид эхлэх талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Италийн концептуалист зураач Маурицио Каттеланы "Америк" нэртэй бүтээл болох алтан суултуурыг Англид үзэсгэлэнд тавих үеэр буюу 2019 оны намар гэмт этгээдүүд хулгайлсан аж. Улмаар энэ хэрэгт дөрвөн хүнийг буруутган, тэдний гэм бурууг шүүх хурал энэ сарын сүүлээр эхлэх юм байна. Хулгайн хэрэгт сэжиглэгдэж буй дөрвөн этгээд 11 дүгээр сарын 28-ны өдөр Оксфордод шүүхийн өмнө зогсох аж.
Урлагийн бүтээл болох 100 кг орчим жинтэй, 18 каратын алтаар бүтээсэн суултуур 6 000 000 доллараар (shuud.mn: монгол мөнгөөр 20,9 тэрбум төгрөг) үнэлэгддэг юм байна. Энэ суултуурыг 2016 онд Нью-Йоркийн Гуггенхаймын музейд байрлуулж, алтан суултуур дээр сууж үзэхийн төлөө олон мянган хүн урьдчилан захиалга өгч, дугаарлаж байжээ.
Үүний дараа, Бленхеймийн ордонд, 1874 онд Уинстон Черчилль мэндэлсэн өрөөний эсрэг талын өрөөнд алтан суултуурыг байршуулсан аж.
Мөн энэ суултуурыг сантехникийн холболтоор угсарсан тул хулгайлах нь амаргүй гэж ордны төлөөлөгчид мэдэгдэж байв. Гэсэн ч бохирын шугамд холбогдсон суултуур хулгайлагдаж, улмаар бохирын шугмыг эвдсэний улмаас ордонд ноцтой хохирол учирж байжээ.
Цагдаагийнхны мэдээлснээр, гэмт этгээдүүд алтан суултуурыг хулгайлсны дараа хоёр автомашинаар зугтсан байж болзошгүй аж. Мөрдөн байцаалтын явцад найман этгээдийг баривчлан саатуулж, хэрэгт сэжиглэж байсан гэхээс өөр, алтан суултуурын хэрэгтэй холбоотой мэдээлэл өнөөдрийг хүртэл гараагүй байсан юм.
Хэдийгээр хулгайн хэргийн сэжигтнүүдийг баривчилсан ч урлагийн бүтээлийг одоо хүртэл олж чадаагүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, алтан суултуурыг хайх ажил ямар ч үр дүнгүй байгаа гэнэ.
Алтан суултуур бүтээлийг даатгасан компани энэ суултууртай холбоотой мэдээлэл өгсөн хүнд 100 мянган фунтын шан амласан ч одоогоор ямар ч мэдээлэл ирээгүй байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |