Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод агаарын бохирдлын улмаас сургуулиудыг хааж, барилгын ажлыг зогсоожээ. Энэ хотод амьсгалах нэн аюултай болсон талаар The Guardian мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шинэ Дели хотын агаар дахь хорт бодисын хэмжээ ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс 100 дахин нэмэгджээ. Агаарын чанар сүүлийн долоо хоногт эрс муудсан бөгөөд энэ нь тариалангийн талбайгаа цэвэрлэх гэж фермерүүд гал тавьсантай холбоотой гэж үзэж байгаа аж. Хөрш мужуудад тариалангийн талбай шатааснаас үүдсэн утааг хөөх салхигүйн улмаас өтгөн утаа хот руу орж, үүний дээр машинуудаас үүдэлтэй хорт хийн утаа хотыг бүрхсэн гэж Энэтхэгийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Агаарын бохирдлын улмаас эмнэлэгт хүргэгдэх хүний тоо ч нэмэгдсэн гэж Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлжээ. Эмнэлэгт ирсэн өвчтөнүүдийн ихэнх нь хүчтэй ханиалгасан, амьсгалж чадахгүй гэсэн шинж тэмдэгтэй байгаа гэнэ. Ийм шинж тэмдэг илэрсэн хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд хүүхэд, хөгшидгүй эмнэлэгт ирж байгааг Энэтхэгийн эмч нар онцолжээ.
Уншиж байна |