“The Digital Banker” сэтгүүл ХААН Банкны онлайн зээл, цахим банкны үйлчилгээг шилдгээр шалгарууллаа
2023-10-30

Дэлхийн нэр хүндтэй “The Digital Banker” сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг “The Global Retail Banking Innovation Awards”-аас ХААН Банкийг хоёр төрөлд шилдгийн шилдгээр тодрууллаа.

 

 

Банк санхүүгийн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний шилдэг инноваци нэвтрүүлж буй дэлхийн тэргүүлэгчдийг шалгаруулах зорилготой энэхүү арга хэмжээний үеэр ХААН Банкны онлайн зээл болон цахим банкны системд нэвтрүүлсэн шинэлэг технологийн шийдлийг онцолж, “Шилдэг зээлийн үйлчилгээ”,  “Харилцагчийн үйлчилгээний онцгой шинэчлэл” шагналыг тус тус олгосон юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Сингапур улсад болж, ХААН Банкны Цахим зээлийн газрын захирал Г.Ганцог банкаа төлөөлөн тус арга хэмжээнд оролцож, шагналаа гардан авсан юм.

 

“The Digital Banker” сэтгүүлийн шинжээчдийн баг “ХААН Банкны онлайн зээлийн бүтээгдэхүүний нийгэм, тогтвортой хөгжил, байгаль орчинд үзүүлж буй эерэг нөлөө, харилцагчдад санхүүгийн үйлчилгээг шуурхай үзүүлж байгаа байдал болон зээлийн бүтээгдэхүүнийг бүрэн цахимжуулсан нь энэхүү шагналыг хүртэх гол үзүүлэлт болсон” гэж онцолжээ.

 

ХААН Банк 2021 оны IV улиралд онлайн зээлийн үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд тасралтгүй шинэчлэл сайжруулалт хийсээр өдгөө хэрэглээний зээлийн багцын 62 хувийг онлайнаар олгосон төдийгүй бүрэн цахимжсан зээлийн бүтээгдэхүүний үзүүлэлтээр ХААН Банк Монгол Улсдаа тэргүүлэх байр суурь эзэлж байна.

 

Зээл олгох процессыг 100 хувь автоматжуулснаар харилцагч ердөө 3-5 минутын дотор хүссэн зээлийн бүтээгдэхүүнээ хэзээ ч, хаанаас ч саадгүй авах боломж бүрдсэн билээ. Дан ганц онлайн зээлээс гадна бүх төрлийн санхүүгийн гүйлгээ, даатгал, дансны үйлчилгээ бүрэн цахимжсаны үр дүнд өдгөө ХААН Банкны нийт гүйлгээний 99 хувь нь цахим сувгаар хийгдэж буй.

 

Цахим банкны системийн тогтвортой, найдвартай, аюулгүй ажиллагааг хангахын тулд мэдээлэл технологийн инженерүүдээс бүрдсэн чадварлаг баг 24/7 ажиллаж,байнгын  судалгаа, туршилтын үндсэн дээр шинэ шийдлүүдийг алхам алхмаар нэвтрүүлэх ажлыг тогтмол хийсний үр дүнд системийн гүйцэтгэлийн олон үзүүлэлт сайжирч, нэгж хүсэлтийг гүйцэтгэх дундаж хурдыг 25 хувиар сайжруулаад байна.

 

Ташрамд дурдахад цахим банкны системийн нийлүүлэгч “Инфосис” компаниас шалгаруулдаг “Infosys Finacle Innovation Awards 2023”-аас дэлхий даяарх 43 банк, санхүүгийн байгууллагын 200 гаруй төслөөсХААН Банкны цахим банкны үйлчилгээг онцлон “Орчин үеийн шилдэг технологийн инновац - Платинум ялагч” шагналыг мөн давхар олгосныг дуулгахад таатай байна.

 

ХААН Банк цаашдын зорилго, зорилтдоо тусгасан тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжих бодлоготойгоо уялдуулан онлайн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ төрлийг нэмж, бизнесийн зээл, орон сууцны зээл зэрэг бүтээгдэхүүнийг  цахимжуулахаар ажиллаж байна.

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин