Испанийн хойд хэсэгт Египетийн Каираас онгоцны ачааны хэсэгт нуугдан нисэж ирсэн эрийг баривчилжээ. Энэ талаар The Mirror сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Air Cairo агаарын тээврийн компани Каир-Бильбао-Каир чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлддэг аж. Өнгөрсөн даваа гарагт хийсэн ээлжит нислэг Испанийн Бильбао хотод газардсаны дараа нисэх буудлын үйлчилгээний ажилтнууд Airbus A320 онгоцны ачааны хэсэгт ачаан дунд хүн байхыг олжээ. Таагүй нөхцөлд таван цагийн турш ниссэн ч тухайн иргэний биеийн байдал сайн байсны дээр ажилтнуудаас зугтан, терминал руу зугтсан аж.
Энэ хэргийн талаар ажилтнууд нэн даруй объектийн хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцдаг Иргэний нисэхийн гвард руу мэдэгдэж, гвардынхан онгоцонд "туулайчилсан" эрийг баривчлан, цагаачлалын албанд хүлээлгэн өгчээ. Испанийн цагдаагийнхан хил зөрчигчийг хэн болохыг тогтоож чадаагүй аж. Учир нь түүнд бичиг баримт байгаагүйн дээр өөрийн нэр болон онгоцны ачааны хэсэгт хэрхэн орсноо мэдүүлэхээс татгалзсан байна. Одоо түүнийг Египет рүү онгоцоор буцаахаар төлөвлөж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |