Битлзийн сүүлчийн дуу удахгүй олны хүртээл болно
2023-10-27

Жон Ленноны дуусгаагүй орхисон дуу болох Now and Then дууг хамтлагийн бусад гишүүд дуусгасан бөгөөд анхны бичлэгээс хойш 40 гаруй жилийн дараа олны хүртээл болох гэнэ. Энэ талаар Битлз хамтлагийн албан ёсны сайт дээр мэдээлсэн бөгөөд Пол Маккартни энэ дууг Битлзийн "сүүлчийн дуу" хэмээн тодотгожээ.

 

"Битлз хамтдаа болон тус тусдаа ч үргэлж гэнэтийн явдлаар гайхшруулах авьяастай байсан. Ингээд урт удаан, баялаг түүхтэй шинэ дууг гаргаж байна" хэмээн Битлзийн хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.

 

Сүүлчийн дуугаа гаргах гэж байгаа талаар Пол Маккартни өнгөрсөн зун ярьж байлаа. 

 

Түүний өгүүлснээр, Битлзийн өөр нэг гишүүн болох Ринго Старртай хамт 40 гаруй жилийн өмнө дутуу орхигдсон дууг гүйцээхийн тулд хиймэл оюун ухааны технологи ашигласан байна. Хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд 1980 онд таалал төгссөн Жон Ленноны хоолойг хуучны бичлэгээс авч, дуунд оруулсан байна.

 

Now and Then дууны демо хувилбар Жон Леннон нас барахынхаа өмнө бичиж, Йоко Онод өгсөн кассетан дээр байсан гэнэ. Энэ бичлэг дээр Леннон гэртээ  төгөлдөр хуур тоглон, дуугаа дуулсан аж. Энэ хувилбараас Ленноны хоолойг хиймэл оюун ухааны тусламжтайгаар салган авч бүтээсэн Битлзийн сүүлчийн дуу 11 дүгээр сарын гуравны өдрөөс нийтийн хүртээл болох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин