Америкийн нэгэн компани гурван тонн зоосон мөнгөөр өрөө төлжээ
2023-10-27

АНУ-ын нэгэн компани 23500 долларын өрөө төлөхдөө зоосон мөнгөөр тооцоо хийснийхээ төлөө Колорадо мужийн шүүхээс шийтгэл сонсжээ. Энэ талаар АВС Ньюс мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гагнуурын үйлчилгээ үзүүлдэг JMF Enterprises компани туслан гүйцэтгэгчтэй хийсэн гэрээний дагуу 23 500 долларын төлбөр төлөх ёстой байжээ. Ингээд өрөө төлөхдөө бүх мөнгөө бутархай мөнгөнд шилжүүлж, гурван тонн зоосон мөнгө илгээсэн байна. Компани ийм үйлдэл гаргасан нь зүй бус, хорон санаа агуулсан гэж шүүх үзэн торгуулийн шийтгэл оноожээ.

 

Гурван тонн хэмжээтэй зоосон мөнгийг зөөхийн тулд тусгай чингэлэг хөлсөлсөн ч ачааны цахилгаан шат ч даахааргүй байсан гээд олон хүндрэл учиржээ. Улмаар шүүхээс тус компанийг чек зэрэг уламжлалт аргаар төлбөрөө төлөхийг үүрэг болгосон байна.

 

Их хэмжээний зоосон мөнгөөр төлбөрөө авсан туслан гүйцэтгэгч компани шүүхэд гомдол гаргаснаар, шүүх ийнхүү JMF компанийг шийтгэжээ. Туслан гүйцэтгэгч компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр зоосон мөнгөөр төлбөр хийх нь "чөтгөр рүүгээ тонил" гэж хэлж байгааг илэрхийлэх утга гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин