АНУ-ын Хойд Каролина мужийн Сэмпсон тойрогт галт зэвсэг ашигласан гэмт хэргийн улмаас таван хүн амиа алджээ. Энэ талаар орон нутгийн цагдаагийн газраас авсан эх сурвалжтайгаар NBC суваг мэдээлсэн байна.
Бусдыг буудсан хэрэг гарсан байшинг хар тамхи наймаалах зорилгоор ашиглаж байсан байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа аж. Хэргийн улмаас 30-80 насны дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй амиа алдсан байна. Цагдаагийнханд нэрээ хэлээгүй нэг эрэгтэй дуудлага өгсөн бөгөөд цагдаагийнхан хэргийн газарт ирэхэд тэрбээр буудуулж амиа алдсан байжээ.
Энэ хэрэг гарахаас ердөө нэг өдрийн өмнө Америкийн Мэн мужийн Льюистон хотод олныг буудсан аймшигт хэрэг гарсан юм. Гэмт этгээд Льюистин хотын гурван өөр хэсгээс хүмүүс рүү буудаж, 22 хүний аминд хүрч, 60 хүнийг шархдуулсан. Түүнийг хэрэг үйлдсэнээс хойш хэдэн цагийн дараа баривчилсан бөгөөд хэргийн сэжигтэн нь 40 настай Роберт Кард гэгч байжээ. Тэрбээр галт зэвсгийн зааварлагч, АНУ-ын армийн бэлтгэл цэрэг аж. Сэжигтэн этгээд цагдаагийнханд мэдүүлэг өгөхдөө хэн нэгэн түүнд хүмүүсийг бууд гэж тушааж байгаа хоолой сонсогдоод байсан хэмээн өгүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн зун сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |