Энэ сарын долооны өдөр Израил руу цохилт өгч, дайн дэгдээсэн ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчид Москвад гэнэтийн айлчлал хийжээ. Тэд Орост айлчлал хийх болсон зорилго нь тодорхойгүй, мөн ийм айлчлал болох талаар өмнө нь мэдээлэл гарч байгаагүй юм.
ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчдийн айлчлалыг урьдчилан зарлаагүй мөн гэнэтийн айлчлал боллоо. ХАМАС-ын төлөөлөгчид Москвад ирсэн талаар пүрэв гарагийн орой РИА Новости анхлан мэдээлсэн бол үүний дараа Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова энэ мэдээллийг батласан ч гагцхүү "Палестины хөдөлгөөний төлөөлөгчид Москвад айлчилж байна" гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
ХАМАС-ын төлөөлөгчдийг тус хөдөлгөөний улс төрийн товчооны гишүүн Абу Марзук тэргүүлсэн бол түүнтэй Оросын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов хэлэлцээ хийжээ.
ХАМАС хөдөлгөөний гаргасан мэдээлэлд өгүүлснээр, Абу Марзук Москва хотод хэлэлцээ хийхдээ Газын зурвас дахь түрэмгийллийн талаар авч хэлэлцсэний дээр Владимир Путиний байр суурь, Оросын идэвхтэй дипломат хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн гэнэ.
Харин Израилын тал ОХУ ийнхүү ХАМАС-ын төлөөлөгчдийг хүлээн авсныг эрс буруушаан шүүмжилсэн байна.
"ХАМАС-ын өндөр албан тушаалын төлөөлөгчдийг Москвад урьсан явдлыг терроризмд дэмжлэг үзүүлж, ХАМАС-ын алан хядагчдын харгислалыг хууль ёсны мэт харагдуулах зохисгүй алхам гэж үзэж байна" хэмээн Израилын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Энд дуулгахад, дэлхийн олон орноос ялгаатай нь ОХУ ХАМАС хөдөлгөөнийг алан хядагч байгууллага гэж хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Талибан хөдөлгөөн алан хядагч, хориотой байгууллагад тооцогддог ч энэ хөдөлгөөний төлөөлөгчид Москвад удаа дараа зочилж байв.
ХАМАС-ын тухайд, энэ хөдөлгөөний төлөөлөгчид хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сард Орост айлчилж, тухайн үед одоогийнхтой адил дэд сайд Богданов тэдэнтэй хэлэлцээ хийж байлаа. Мөн ХАМАС Украинтай хийж буй дайнд Оросын талыг баримталж, Оросыг үргэлж дэмжсээр ирсэн юм.
Өнгөрсөн гуравдугаар сард болон энэ удаад Москвад айлчилсан Абу Марзук "Украин дахь цэргийн тусгай ажиллагаа нь дэлхий дахин дахь АНУ-ын ноёрхолд цэг тавьж, дэлхийг олон туйлт болгох зорилготой. Энэ нь хавчигдсан ард түмэн, тэр дундаа палестин ард түмэнд ашигтай" гэж мэдэгдэж байсан юм.
ХАМАС Москвад айлчилж байгаа үеэр Ираны Гадаад хэргийн сайд Али Багери Кани ч Орост айлчилж байгаа. Израил Ираныг ХАМАС бүлэглэлийн дайчдыг бэлтгэдэг, тэднийг санхүүжүүлж, сургадgг хэмээн буруутгадаг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |