АНУ-д нисэхийн сургуулийн оюутан багшдаа уурласны улмаас Флоридагийн нисэх буудал дээр байсан 10 онгоцыг эвджээ. Энэ талаарх мэдээллийг Miami Herald сонин дамжуулсан байна.
Энэ хэрэг Стюарт дахь Whitham Field нисэх буудал дээр байрладаг Treasure Coast Flight School олон улсын нислэгийн сургуульд болсон байна. Сургуулийн зааварлагч багш нэгэн оюутныг бие даан нисэх болоогүй гэж үзэн нисэх зөвшөөрөл өгөөгүй тул оюутан уурлаж, зогсоолд байсан онгоцуудыг эвдэж эхэлжээ.
Улмаар механикчид гэмтлийн зэргийг нарийвчлан тогтоох хүртэл 10 онгоц нисэх боломжгүй болсон байна. Оюутны учруулсан зарим төрлийн гэмтэл онгоц аюулгүй газардахад саад болохуйц ноцтой гэмтлүүд байсан гэнэ.
Оюутны нэрийг нийтэд мэдээлээгүй бөгөөд тэрбээр гадаад улсын иргэн байсан аж. Түүнийг бусдын амь насанд халдсан хэрэгт буруутган баривчилжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |