Хойд Солонгосын нийслэлийн гэрэл зургуудыг хайхад орчин үеийн шийдэлтэй өндөр барилга бүхий зураг өөрийн эрхгүй сонирхол татдаг. Энэ барилга нь 330 метр өндөртэй, зочид буудлын барилга юм.
Энэ зочид буудлыг 1989 онд нээхээр төлөвлөж байлаа. Гэсэн ч баригдаж эхэлснээсээ хойш 35 жилийн дараа ч ашиглалтад ороогүй, Пхеньяны төвд сүндэрлэх Рюген зочид буудлын талаар The Mirror мэдээлжээ.
Пхеньяны төвд байх Рюген зочид буудал уран зөгнөлт киноны барилга шиг л харагддаг бөгөөд 330 метрийн өндөртэй энэ барилга нэг том дутагдалтай. Энэ буудал одоо хүртэл үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд 1989 онд төлөвлөсний дагуу нээсэн бол дэлхийн хамгийн өндөр зочид буудалд тооцогдох байжээ. Гурван мянга гаруй өрөөтэй энэ буудлын нэг ч өрөөнд хүн буудаллаж байгаагүй аж.
Энэ төслийг 1992 онд Хойд Солонгос эдийн засгийн хямралд орсон үедээ зогсоожээ. Хожим нь Египетийн Ораском компани энэ ажлыг хариуцах болсон байна. Компани энэ төслийг хариуцах болсноо мэдэгдсэнээс гурван жилийн дараа зочид буудлын барилгын гадна талд шилэн хавтангууд суурилуулж эхэлжээ. Зочид буудлыг 2012 онд нээгдэнэ гэж албаны этгээдүүд мэдэгдэж байсан ч дараа нь ашиглалт орох хугацааг хойшлуулж, 2013 онд нээгдэнэ хэмээн мэдэгдэж байв. Хамгийн сүүлд энэ барилгын ажил 2018 онд үргэлжилж, гэрэлт дэлгэц суулгаж байжээ. Гэсэн ч өнөө хэр ашиглалт ороогүй, 1,6 тэрбум фунтын асар өндөр зардал гаргасан барилга хоосон хэвээр л байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |