ХАМАС бүлэглэл Израил руу 10 дугаар сарын долооны өдөр халдах үеэрээ 200 гаруй хүнийг барьцаалснаас дөрвөн хүнийг сулласан. Эхний хоёр хүн нь АНУ-ын иргэд болох ээж, охин хоёр байсан бөгөөд тэднийг өнгөрсөн долоо хоногт сулласан бол даваа гарагт Израилын хоёр эмэгтэй суллагдсан юм.
Израилын иргэн эмэгтэй Йохевед Лифшиц суллагдсаныхаа дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгч байсан. Тэрбээр энэ ярилцлагынхаа үеэр ХАМАС-ын олзныхон тэдэнд хэрхэн хандаж байсан талаар ярьж байв.
Олзноос суллагдсан эмэгтэй: ХАМАС-ын дайчид бидэнд сайн хандаж байсан
Йохевед Лифшиц ийнхүү хэвлэлүүдэд ярилцлага өгсний дараа түүнийг Израилын ашиг сонирхолд хохирол учруулсан гэж буруутгаж байгаа талаар Haaretz сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Лифшиц палестинчууд олзны хүмүүстэй сайхан харилцаж, тэднийг эмнэлгийн үзлэгт оруулж байсан гэж ярьсан нь Израилын Засгийн газрын гишүүдэд таалагдаагүй гэнэ. Ийм мэдэгдэл нь бусад олзны хүмүүсийг суллах хүчин чармайлтад хор хохирол учруулна гэж Израилын эрх баригчид үзсний дээр "дайсныг өмгөөлсөн" гэж буруутгажээ.
Эргэн сануулахад, ХАМАС бүлэглэл даваа гарагт сулласан хоёр эмэгтэйн нэг нь Йохевед Лифшиц байсан юм. Тэднийг суллах болсон нь "хүмүүнлэгийн шалтгаантай" хэмээн ХАМАС мэдэгдэж байв. ХАМАС-ын олзноос суллагдсаныхаа дараа Лифшиц ярилцлага өгөхдөө "амьд гарахгүй нь гэж бодогдмоор тамыг эхлээд туулсан" гэж мэдэгдсэнийхээ дараа дайчид тэдэнтэй сайхан харилцаж, туслаж байсан хэмээн өгүүлсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |