Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт хандан палестинчуудын эрхийг хамгаалах шуурхай арга хэмжээ авах, цэргийн гэмт хэрэг үйлдсэн Израилыг хариуцлагад татахыг уриалжээ. Энэ талаар Х сүлжээнд нийтлэгдсэн, Ираны Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюркэд хаягласан захидалд "палестинчуудын эрхийг сионист дэглэм бүдүүлгээр зөрчиж байгаа"-г онцлоод энэ хүчирхийллийг зогсоох яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, цэргийн гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн Израилыг хариуцлагад татна гэж Иран найдан хүлээж байгааг онцолсон байна.
Түүнчлэн Израилын эрх баригчдын мэдэгдэл, Газын зурвас дахь цэргийн ажиллагаанаас харахад "Палестин ард түмнийг үй олноор хөнөөх зохион байгуулалттай аян явагдаж байгаа" нь илт гэж Абдоллахиян цохон тэмдэглэжээ.
"Халдлага хийж байгаа давтамжаас харахад эдгээр нь Газын зурвас дахь палестин ард түмнийг үй олноор нь хөнөөхөд чиглэгдсэн нь илт" хэмээн Ираны Гадаад хэргийн сайд мэдэгдээд "палестин хүн амыг хүчээр нүүлгэж, Газын зурваст Израил цэргийн ажиллагаа явуулж байгаа нь олон улсын эрхзүйг зөрчиж байгаа"-г цохон тэмдэглэжээ.
Эргэн сануулахад, 10 дугаар сарын долооны өдөр эхэлсэн ХАМАС, Израилын дайны улмаас Газын зурвасын оршин суугчид аюулгүй газар рүү нүүхээс аргагүй болсон ч шилжин суурьшсан дүрвэгчдийн хуаран Израилын цохилтод өртсөн тохиолдол хэдэнтээ гарсан. Мөн дайн эхэлснээс хойш 18-хан хоногийн дотор Газын зурваст амиа алдсан хүний тоо 5000-ыг давжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |