Израилд дайн эхэлсний дараа Оросын гадаад тагнуулын алба Газын зурваст байсан долоон тагнуулчтайгаа холбоо барьж чадахгүй болжээ. Тусгай ажилтнуудынхаа аюулгүй байдалд санаа зовнисон Оросын эрх баригчид тэдний хувь заяа хэрхэн эргэсэн талаар мэдэхийн тулд Израилын холбогдох албаныхантай холбоо тогтоохыг хичээж байгаа гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын 24-ний өдөр нийтлэгдсэн Кремлийн албан ёсны мэдэгдэлд ОХУ ХАМАС бүлэглэлд хандан Газын зурваст барьцаалагдсан бүх хүнийг нэн даруй суллахыг уриалсан байна.
"Манай байр суурь тодорхой. ХАМАС-т барьцаалагдсан Оросын бүхий л иргэдийг суллахын тулд манай улс боломжит бүхнийг хийнэ, мөн бүхий л талуудтай холбоотой байгаа. Тун удахгүй тэднийг эсэн мэнд суллагдана гэж бид найдаж байна. Нэн тэргүүнд өөрсдийнхөө иргэдэд санаа тавих нь мэдээж" хэмээн Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн юм.
Песковын энэ мэдэгдэл нь Израилд дайн эхэлсэн эхний өдрүүдэд илэрхийлсэн Оросын байр сууринаас 180 градус өөрчлөгдсөн байгаа юм. ХАМАС халдсанаас ердөө хоёрхон хоногийн дараа Песков Иракийн Ерөнхий сайдтай уулзахдаа АНУ-ын Ойрх Дорнодод баримталж буй бодлого ХАМАС-тай холбоотой хямрал нүүрлэх шалтгаан болсон гэж буруутгаж байв.
Харин одоо Газын зурваст алга болсон тагнуулчдаа хэрхснийг тодруулахын тулд Израилтай хамтран ажиллах зорилгоор ОХУ байр сууриа өөрчилжээ.
"Сүүлийн өдрүүдэд тагнуулчдынхаа хувь заяаг мэдэх гэсэн хүсэлт Москвагаас их ирэх болсон. Түүнчлэн ХАМАС-тай хэрхэн хэлэлцээ хийж болох талаар ч асуусан. Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийн дунд Оросын иргэншилтэй израилчууд байгаа. Тиймээс ОХУ энэ хэрэгт оролцохоос аргагүй болж байгаа юм. Гэхдээ оросуудын хувьд ХАМАС-т барьцаалагдсан хүмүүс бол ердөө л мөсөн уулын орой хэсэг. Одоо Газад Оросын паспорттай мянга орчим хүн бий. Гэхдээ тэднийг ч ОХУ сонирхохгүй байгаа. Оросын хувьд сураг тасарсан долоон тагнуулчаа хэрхснийг мэдэх нь л амин чухал" гэж Makor Rishon хэвлэлд мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ.
Эх сурвалжийн өгүүлснээр, Орост сургагдсан долоон тагнуулч хоёр сарын өмнө Газын зурваст очсон бөгөөд тэд бүс нутаг дахь улс төр, цэрэг, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл цуглуулах зорилготой байсан гэнэ.
Одоогоос гурван жилийн өмнө, дээрх даалгаврыг гүйцэтгэж байсан Оросын хоёр тагнуулч Ливийн тагнуулынханд баривчлагдаж байв. Эдгээр хүмүүсийг суллахад өнгөрсөн зун онгоцны ослоор амиа алдсан Евгений Пригожин ихээхэн хүчин зүтгэл гаргаж байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |