Лхагва гарагт Оросын цэргүүд сөргөлдөгч талд цөмийн цохилт өгөх бэлтгэл сургуулилалт хийжээ. Энэ талаарх мэдээллийг Кремлийн хэвлэлийн алба дамжуулсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн удирдсан энэ сургуулилалтын үеэр газрын байршилтай пуужингууд, стратегийн шумбагч онгоц болон алсын агаарын нисэх хүчин гээд Оросын "цөмийн гурвал"-ын бүх бүрэлдэхүүнийг дайчилжээ.
Тодруулбал, Плесецк туршилтын сансрын буудлаас Камчатка дахь Кура полигон руу тив алгасах "Ярс" баллистик пуужин хөөргөж, Баренцын тэнгис дэх "Тула" шумбагч цөмийн пуужингийн хөлөг онгоцноос "Синева" пуужин харваж, Ту-95МС онгоц агаарын байршилтай далавчит пуужингуудыг харвасан байна. Бэлтгэл сургуулилалт Зэвсэгт хүчний "бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу " болсон, сөргөлдөгчийн цөмийн цохилтын хариуд цохилт өгөх ажиллагааны сургуулилалт хийсэн гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ерөнхийлөгч Путинд илтгэжээ.
Энд дуулгахад, Украинд дайн эхэлсэн эхний өдрүүдэд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын стратегийн хүчнийг байлдааны жижүүрийн онцгой дэглэмд оруулснаа зарлан, Путиний төлөвлөгөөнд саад болох гэсэн орнууд "хариугаа амсана" хээмэн сүрдүүлж байлаа. Үүний дараа Калиниградад Оросын цэргүүд Европын улс орнуудахд тактикийн цөмийн цохилт өгөх бэлтгэл хийж, искандер комплекс ашиглан цэргийн сургуулилалтыг удаа дараа хийж байсан юм.
Үүнээс хагас жилийн дараа, Оросын арми эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрээсээ ухарч эхлэх үед Путин дахин цөмийн сүрдүүлгэ хийх болсон бөгөөд гэхдээ энэ удаад өөрийн амаар биш харин "үнэнч баруун гар" нь болох Дмитрий Медведевээр дамжуулан дэлхий нийтийг сүрдүүлж эхэлсэн.
Улмаар, 2022 оны 12 дугаар сард Зөвлөлтийн үеэс эхлэн мөрдөж буй "хариу цөмийн цохилт"-ын номлолоос татгалзаж, түрүүлж цохилт өгөх боломжтой байх хувилбарыг дэвшүүлсэн бол үүнээс гурван сарын дараа АНУ-тай байгуулсан стратегийн давшилтын зэвсэглэлийг бууруулах гэрээг дуусгавар болж байгааг зарлаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |