Берлусконигийн уран зургийн цуглуулгыг өв залгамжлагчид нь устгана
2023-10-25

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони амьд ахуйдаа уран зураг цуглуулах сонирхолтой байсан бөгөөд амьдралынхаа туршид 25 000 зураг цуглуулжээ. Харин энэ их өв хөрөнгө залгамжлагчдынх нь хувьд "толгойн өвчин" болж байгаа талаар The Mirror мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Берлускони амьд ахуйдаа 25 000 уран зураг цуглуулсан ч эдгээрийн ихэнх нь ямар ч үнэ цэнгүй, чанар муутай бүтээлүүд гэж Италийн тэргүүлэгч урлаг судлаачдын нэг Виттори Сгарби үзжээ.

 

Одоо эдгээр зургууд 3200 кв.м талбай бүхий агуулахад хадгалагдаж байгаа аж. Энэ агуулахын үйлчилгээний хөлсөнд жилд 800 мянган евро төлдөг гэнэ. Мөн агуулахад хадгалагдаж буй зарим зураг шавжинд идэгдсэн бөгөөд хортон шавжийг устгах зардал уран зургуудаас ч илүү өртөгтэй тусаж байгаа нь ихээхэн хүндрэл дагуулжээ.

 

Урлаг судлаач Сгарбигийн өгүүлснээр, 25 мянган зурагнаас ердөө 6-7 зураг л үнэ цэнэтэй, цуглуулгын нийт үнэ 20 сая еврогоор үнэлэгдэх аж. Тиймээс цөөн хэдэн зургийг зарж, бусдыг нь устгалд оруулан, агуулахыг чөлөөлж, агуулахын зардлаас салах талаар Берлусконигийн өв залгамжлагчид бодолцох болсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголд авья
2023-10-26