Израил НҮБ-ын төлөөлөгчдөд виз олгохоо зогсоохоор болжээ. Энэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын байр суурьтай холбоотой гэж Израилын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Тодруулбал, Палестин, Израилын сөргөлдөөнтэй холбоотойгоор Антониу Гутерришийн байр сууринаас болж Израил НҮБ-ын төлөөлөгчдөд виз олгохоо зогсооно гэж НҮБ-ын дэргэдэх Израилын байнгын төлөөлөгч Гилад Эрдан "Галей Цахал" армийн радиод өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Эрдан өмнө нь Гутерриштэй уулзахаас татгалзаж, түүнийг огцрохыг уриалж байв.
Ийм хандлага гаргах болсон нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ХАМАС-ын халдлагыг шүүмжилсэн ч ийм үйлдэл гаргах шалтгаан байсан гэж мэдэгдсэнтэй холбоотой юм. Тэрбээр Палестины иргэд 56 жилийн туршид эзлэн түрэмгийлэл дунд амьдарсан хэмээн мэдэгдсэн нь ийнхүү Израилын дургүйцлийг хүргэжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |