Аравдугаар сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, улмаар Израил дайны байдал албан ёсоор зарласан юм. Дайны байдлын үед бүхий л цэргийн үүрэгтнүүдийг дайчлах хуулийн дагуу хэдхэн өдрийн дотор олон мянган хүнийг цэрэгт дайчилсан талаарх мэдээлэл гарч байлаа.
Израилын дайны байдалд шилжиж, дайчилгаа зарласан үед Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн бага хүү фронт руу явсан гэсэн мэдээлэл гарч байсан бол том хүү Яир нь эх оронд нь цэргийн үүрэгтний дайчилгаа зарласан үеэр АНУ-д үлдсэн гэж Таймс мэдээлсэн байна.
Өдгөө 32 настай Яир Израилд очвол фронтод дайчлагдана. Учир нь Израилын хуулийн дагуу тус улсын иргэд 40 нас хүртлээ цэргийн үүрэгтэн болдог аж. Нетаньяхугийн том хүү Яир гадаадад үлдсэн нь сайн дураар армид татагдсан Израилын цэргүүдийн дургүйцлийг хүргэсэн гэж эх сурвалж мэдээлжээ. Энэ сонинд байр сууриа илэрхийлсэн нэгэн цэргийн алба хаагч "Би тэргүүн шугаманд байлдаж явахад Яир Майами-Бичэд тансаглаж байна" хэмээн өгүүлсэн байна.
Израилын хуулийн дагуу 18 насанд хүрсэн бүх иргэн, хүйсээс үл хамааран хугацаат цэргийн алба хаах ёстой бөгөөд алба хаасныхаа дараа цэргийн үүрэгтнээр бүртгүүлдэг аж. Ийм цэргийн үүрэгтнүүдийг шаардлагатай үед дайчилдаг юм байна.
Нетаньяхугийн том хүү ийнхүү дайчилгааны үеэр эх оронруугаа буцаагүй бол тухайн үед Израилд байсан Авнер Нетаньяху дайчлагдсан талаарх мэдээлэл энэ сарын дундуур гарч байв. Тодруулбал, Израилын Ерөнхий сайдын хүү, 29 настай Авнер Нетаньяху ХАМАС бүлэглэлтэй хийх дайнд дайчлагдаж, фронт руу явжээ. Авнер 2014 онд Израилын армийн хугацаат цэргийн албанд татагдаж, 2017 онд халагдсан байна. Тэрбээр Израилын өмнөд зүгт байх Зиким цэргийн баазад цэргийн тагнуулын ангимд алба хаасан байна. Алба хаах хугацаандаа хөнгөн шархдаж байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |