МакДональдс түргэн хоолны сүлжээ зоогийн газар Израилын батлан хамгаалахын армийг дэмжсэнийхээ төлөө ислам шашинтай орнуудын зүгээс ихээхэн шүүмжлэлд өртжээ. Энэ талаар Ynet мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Палестины хэт даврагчид Израил руу халдсаны дараахан "McDonald's Israel" компани ЦАХАЛ (Израилын арми)-ын цэргүүд болон эмнэлгийн байгууллагуудад үнэ төлбөргүй хоол өгнө гэж мэдэгдсэн юм. МакДональдсын Израил дахь франшиз зоогийн газрын эзэн Омри Падан аюулгүйн хүчнийхэн, эмнэлгийн ажилтнууд болон хохирол амссан бүс нутгийн иргэдэд өдөр бүр 4000 хоол хандивлаж байгаа талаараа мэдэгдэж байв.
Үүний зэрэгцээ энэ компани Израил даяар байх МакДональдсын 220 салбарын алинаас ч аюулгүй байдлын албаны ажилтнууд болон аврагчид хоол авахдаа 50 хувийн хөнгөлөлт эдлэхийг санал болгож байв.
Харин энэ санаачилга нь олон орны оршин суугчдын бухимдал, эсэргүүцэлтэй тулгарсан байна. Израилын сүлжээний энэ мэдэгдлийн дараа Турк, Ливан, Египет дэх МакДональдсын салбарууд халдлагад өртөж, ислам шашинтай орнуудад МакДональдс зоогийн газрын гадаа эсэргүүцэгчид цуглан Газын зурвасыг дэмжсэн жагсаал цуглаан зохион байгуулж байгаа аж.
Харин Персийн булангийн орнууд дахь Палестиныг дэмжиж буй МакДональдсын салбарын эзэд Израилын салбартай огт хамааралгүй гэдгээ мэдэгдэж, зарим нь Газын зурвасын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |