УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгыг хэн, хэн дэмжив
2023-10-25

УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэх санаачилга гаргаж, иргэдийн дэмжлэгийг аваад байна. Парламентын цахим хуудсанд байршуулсан санал асуулгад 100 мянган иргэн дэмжсэн санал өгснөөр уг асуудлыг УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх боломжтой болов.

 

Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулдаг элдэв хулгай, луйвраас шалтгаалан иргэдийн татвар төлөх сонирхол өдөр өдрөөр буурч буй. Тиймээс НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх замаар иргэдийн татварын төлөх сонирхлыг сэргээх шаардлагатай гэж УИХ-ын дарга үзэж буй юм.

 

Түүний санаачилгыг улстөрчид, эдийн засагчид дэмжээд байна. Тухайлбал:

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Таван хувийн буцаан олголт татварын бааз суурь бэхжих боломжийг нээнэ

 

 

Г.Занданшатар дарга НӨАТ-ын асуудлыг олны нийтийн анхаарлын төвд оруулж ирлээ. Худалдаа үйлчилгээний үе шат бүрт нэмэгддэг НӨАТ алслагдсан нутагт амьдарч байгаа ард иргэдийн хувьд халаасыг нь хоослох гол хэрэгсэл болчихоод байгаа. Тиймээс Г.Занданшатар даргын санаачилсан НӨАТ-ын таван хувийн буцаалтыг дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 140 мянган ААН-ийн 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Хувиараа хөдөлмөр эрхлэгч 250 мянган хүний 50 000 нь НӨАТ төлөгч. НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, ААН-үүдийг НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, татварын бааз суурь бэхжих боломжийг нээнэ.

 


 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Г.Занданшатар дарга сайн байна

 

 

Г.Занданшатар дарга маань сайн байна. НӨАТ-ын 5 хувийн татварыг буцааж өгье гэдэг зөв. Буцаалтын 600 тэрбум төгрөг чинь ороод ирнэ ээ. Татварын 3.5 сая байцаагчтай боллоо гэсэн үг. Ард иргэдийн эдийн засгийн мэдлэг тэлнэ. Өөрсдөө оролцоод ирэхээрээ төсвийг хэрхэн зарцуулж байгааг хянана. Өөр эрхзүйн орчин бүрдүүнэ, үүнийг дэмжих ёстой. Улсын төсвийн тал нь ажил болж, бусдыг нь идэж, луйвардаж байна.


 

Эдийн засагч Л.Оюун: Иргэд өгсөн мөнгөө л эргүүлэн авч байна шүү дээ

 

 

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлснээр төсөв буурахгүй. Төр иргэдээс авсан мөнгөө буцаан өгч байгаа учраас төсвөөс нэмэлт мөнгө гарахгүй. Иймд Сангийн сайдын тайлбар буруу юм, төсөвт НӨАТ-ын орлого гэж бүртгэгдэж байгаа учраас нэмэлт хөрөнгө шаардагдахгүй. Иргэд өгсөн мөнгөө л эргүүлэн авч байна шүү дээ. Тиймээс НӨАТ-ын 5 хувийн буцаан олголт авах нь зөв. Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг чинь эцсийн хэрэглэгч төлж буй татвар.


 

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал: Өрхөд нь орлого нь очиг л дээ

 

 

Нэмэгдсэн өртгийн албан татвар бол эцсийн хэрэглэгч төлж буй татвар шүү дээ.  Иргэд бүх цалингаас даатгал, татвар төлсний дараа үлдсэн мөнгөө дэлгүүр худалдааны төвд дахин 10 хувийн НӨАТ төлдөг болоод удаж байна. Энэ системийн давуу болон сул талыг өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд  бид олж харсан байх.

 

Ер нь үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авсан барааг урамшуулдаг хэрэглээний татварын бодлого руу чиглэх ёстой. Улмаар улстөрчдийн гарын салаагаар урсдаг утаа, түгжрэл, орон сууцны барилга зэрэг элдэв төслийн “бялуу хуваах” боломжгүй болно гэсэн үг. Өрхөд нь орлого нь очиг л дээ. Төсвөөр дамжиж биш шууд иргэний гарт очих нь зөв.


 

УИХ-ын дарга асан З.Энхболд: Хууль болгож чадвал УИХ-ын дарга Г.Занданшатарт  баяр хүргэнэ 

 

 

НӨАТ-ын таван хувийг буцаан олгох хуулийг 101 272 хүн дэмжсэнээр хууль болох зам нь засагдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хууль болгож чадвал баяр хүргэнэ ээ. Өнөөдрийнх шиг үрэлгэн Засгийн газар биш иргэд өөрсдөө мэдэж зарцуулвал нийт эдийн засагт эерэг болно.

 


 

Санхүүч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохыг дэмжиж байна

 

 

Үнэхээр татвар төлөөд тэр нь улсын хөгжлийн төлөө, иргэдийн тав тух, аюулгүй бдал, эрүүл мэнд, боловсролд зөв зүйтэй зарцуулагддаг бол өндөр татвар, өндөр НӨАТ төлөх нь хамаа алга. Гол нь татварын мөнгийг манай дарга нар ногоон автобус шиг зарцуулчихдаг учраас л татвар төлмөөргүй санагддаг болсон. Тиймээс би НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохыг дэмжиж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин