Баярлалаа, доктор Солк
2023-10-24

 

"Баярлалаа, доктор Солк" гэж нийтлэлээ гарчигласны учир нь одоогоос есөн жилийн тэртээх 10 дугаар сарын 28-ны өдөр Google хайлтын систем суут судлаач-вирус судлаач Жонас Солк мэндэлсний 100 жилийн ойд зориулж дудл бүтээж байв. Зураг дээр эрдэмтнийг баяр баясгалантай хүүхдүүд хүрээлүүлэн дүрсэлсэн бөгөөд тэд гартаа "Баярлалаа, доктор Солк!" гэсэн бичигтэй хуудас барьсан байлаа. 

 

Солкийн  шинжлэх ухааны чухал ололт нь 1950-иад онд бүтээсэн халдварт саа өвчний эсрэг анхны урьдчилан сэргийлэх тарилга юм. Түүнийг дурссаны учир нь өнөөдөр Халдварт саа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр. Чухамхүү Солк энэ өдөр мэндэлсэн тул түүнийг хүндэтгэн энэ өдрийг Халдварт саа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарлажээ. 

 

Халдварт саа

 

Энэ өвчин дэлхий даяар тархсан бусад вирусийн гаралтай өвчинтэй харьцуулвал цөөн хүний аминд хүрсэн ч амьд үлдсэн хүмүүс илүү зовлонг туулж байв. Ихэвчлэн бага насныханд халдварладаг энэ өвчний вирус амаар дамжин организмд орж, дараа нь цус руу орон, мэдрэлийн системийг гэмтээснээр, ихэвчлэн эдгэшгүй саажилт үүсгэдэг байна. 

 

Энэ халдвар ихэвчлэн хөл саажуулдаг ч 10 өвчтөн тутмын нэг нь уушгины булчингийн саажилтын улмаас амьсгалах боломжгүй бол нас барж байжээ. Ийм өвчтөнүүдийн цорын ганц найдвар нь 1920-иод онд бүтээгдсэн, "Төмөр уушги" нэртэй тусгай камер дахь уушгины хиймэл амьсгал байлаа. Ийм төхөөрөмж дотор хүмүүс олон хоногийг, заримдаа бүр үлдсэн амьдралаа өнгөрөөдөг байжээ. 

 

Халдварт саа өвчин нь гадаад шинж тэмдэггүй тул 1905 онд л Шведийн эмч Ивар Викман халдварт шинж чанарыг олж тогтоосон байна.

 

Харин 1952 онд Америкийн эмч Жонас Солк халдварт саагаас сэргийлэх вакцин бүтээж, 1961 онд түүний хамтран ажиллагч Альберт Сейбин тариулах биш харин залгиж болдог сайжруулсан хувилбарыг бүтээснээр АНУ, Европд өвчлөл эрс буурав. 

 

1988 онд ДЭМБ дэлхий даяар халдварт сааг устгах хөтөлбөр эхэлсэн талаар зарлаж, 1994 онд АНУ энэ өвчнийг устгасан хэмээн зарлаж байв. Харин манай улс энэ өвчнийг устгасан гэж 2000 онд мэдэгдэж байсан юм.

 

Халдварт сааг туулсан алдартнууд 

 

Халдварт саа аймшигт өвчин хэдий ч үхэл, амьдралын заагийг тэнцүүлж, айдас, эргэлзээ, оношоо даван туулж, ямар ч өвчин саад бэрхшээл болдоггүйг харуулсан олон алдартан бий. 

 

Франклин Рузвельт

 

Тэдний нэг нь АНУ-ын Франклин Делано Рузвельт.Хэдийгээр халдварт саа өвчнөөр голчлон хүүхдүүд өвддөг ч Рузвельт 1921 онд 39 настайдаа энэ өвчнөөр өвдөж, хөгжлийн бэрхшээлтэй болжээ. 

 

 

Өөр нэг алдартан нь Фрэнсис Форд Коппола. Дэлхийн кино урлагийн сонгодогт тооцогддог Фрэнсисийн бүтээл бүр шедевр, шүүмжлэгчдийн хувьд асар том үйл явдал болдог байсан бөгөөд тэрбээр Оскарыг зургаан удаа хүртэж байв. 


Тэрбээр хүүхэд ахуйдаа халдварт саа өвчин тусаж, хэвтрийн хүн болжээ. Ингээд тэрбээр өөртөө хүүхэлдэйн театр бүтээж, уран сэтгэмжээ хөгжүүлж, ах, эгч нараа баясгадаг байв. Аав ээж нь хүүд бэлэглэсэн камераар гэрийн кино хийж, улмаар ном уншиж, хөгжим сонсох дуртай болсноор кино урлагт ихээхэн хайртай болжээ. Тэрбээр Калифорнийн их сургуульд кино найруулагчаар сурч төгссөн юм. 

 

Халдварт саа өвчнөөр хөгжлийн бэрхшээлтэй болсон ч зовлонд бууж өгөөгүй өөр нэг хүн нь хүн бүрийн сайн мэдэх, Мексикийн зураач Фрида Кало. Зургаан настайдаа халдварт саа өвчнөөр өвдөж, баруун хөл нь нарийсаж, хоёр хөл нь урт богино болжээ. Үеийнхэн нь түүнийг байнга доромжлон, “модон хөлт” гэж шоолдог байсан ч охин улам л хатуужин, өвчнөө даван туулж, хөвгүүдтэй хөл бөмбөг тоглон, усанд сэлж, боксоор ч хичээллэдэг байсан гэх. Тэрбээр хөлөө нуухын тулд урт даашинз, эрэгтэй костюм өмсдөг байжээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй болох нь ял шийтгэл биш, хүч хүрэхгүй юу ч байхгүй гэдгийг Фрида Кало амьдралынхаа мөч бүрээр баталсан юм. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хятдад Mycoplasma гэдэг уушигны үрэвсэл тархаж эм тариа хүрэлцэхгүй хямрал эхэлж байна ямар санаатай мэдээлэхгүй байна бараг 7 хонож байхад монголд л мэдээлэхгүй байна
2023-10-24