Испанийн Аликант боомт хотод Литва улсын 50 настай иргэн Айдас эрхэлсэн ажилгүй ч зоогийн газарт хооллохын тулд луйврын арга сэдэж, олон газрыг луйварджээ. Тэрбээр ээлжит нэгэн луйвраа хийснийхээ дараа бүх булхай нь илэрч, Испанийн хэвлэлүүд түүний талаар мэдээлсэн байна.
Испанийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Айдас зоогийн газарт орж, үнэтэй хоол захиалж, төлбөр төлөх болоход зүрхэн дээрээ дарж, бие нь муудаж байгаа дүр эсгэсэн байна.Зоогийн газрын үйлчлэгчид сандралдан, түргэн тусламж дуудан бужигнах хооронд 50 настай эр зоогийн газраас төлбөрөө хийлгүй гарч явжээ. Тэрбээр зүрхний шигдээс туссан хүнд анхны тусламж үзүүлэх хүн олдохгүй, тиймээс эмнэлгийн тусламж дуудан сандралдах хооронд зоогийн газрыг орхин явна гэсэн "мэргэн санаа"-аа анх өнгөрсөн оны 11 дүгээр сард өөр нэг зоогийн газар ашиглаж байгаад баригдаж, луйврын хэргээр баривчлагдсан бол дараа нь есдүгээр сард ийм луйвраа дахин үйлдсэн байна.
Айдас энэ байдлаар бүтэн жил зоогийн газруудыг луйвардсан бөгөөд улмаар зоогийн газрын эзэд хоорондоо нэгдэж, луйвар хийдэг үйлчлүүлэгчийн талаар мэдээлэл солилцон, зарим нь түүний эсрэг хамтын зарга үүсгэжээ.
Цагдаагийнхны олж тогтоосноор, 50 настай Айдас төрөл бүрийн зоогийн газарт идсэн хоолныхоо төлбөрийг төлөхгүйн тулд дор хаяж 20 удаа зүрхний шигдээс туссан мэт жүжиглэсэн байна. Одоо түүнд луйвардуулсан зоогийн газрын эзэд Айдасд хорих ял оноохыг шаардаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |