Палестины ХАМАС, Израилын хооронд дайн дэгдэсний дараа Израилын холбоотон улс орнууд Израилыг дэмжиж байгаагаа илэрхийлэн тус улсын далбааг мандуулж, төрийн далбааны өнгөөр байшин барилгыг гэрэлтүүлж байв.
Харин Австралийн Синдей хот Израилыг дэмжин тус улсын далбааг мандуулах, барилгыг хөх, цагаан өнгөөр гэрэлтүүлэхээс татгалзсан байна. Энэ нь нийгэмд талцал үүсгэж болзошгүй гэж хотын захиргаа үзсэнтэй холбоотой гэж 9News сувагт хотын дарга Кловер Мур мэдэгджээ.
"Зовлон амсаж буй бүхий л ард түмэнтэй бид эв санаа нэг байгааг илэрхийлэхийн тулд терроризм, хүчирхийлэл, дайныг шүүмжлэн мэдэгдэл хийх нь хангалттай. Аль нэг талыг дэмжих нь талцал үүсгэж, хор хохирол дагуулахын дээр энэ нь Сиднейн үнэт зүйлд харшилна" хэмээн Кловер мур мэдэгджээ.
Өмнө нь тэрбээр Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газар Сиднейн дуурийн театрын барилгыг Израилын далбаан өнгөөр гэрэлтүүлэх шийдвэр гаргасныг шүүмжлэн, "сөргөлдөөний аль нэг талыг дэмжих хэрэггүй" хэмээн мэдэгдэж байв.
Энд дуулгахад, Палестиныг дэмжих олон нийтийн жагсаал 10 дугаар сарын есний өдрөөс эхлэн Сидней хотод долоо хоног бүр өрнөж байгаа юм. Бямба гарагт болсон жагсаалтад 15 мянга гаруй хүн оролцож, Австралийн эрх баригчдыг Израилыг дэмжихээ зогсоож, Израил, Палестины сөргөлдөөнийг энхийн замаар шийдэх, гал зогсооход чиглэгдсэн арга хэмжээ авахыг шаардаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |