Израил сурах бичгүүдээс Грета Тунбергийн талаарх сэдвүүдийг хасна
2023-10-23

Шведийн байгаль хамгаалагч Грета Тунбергийн талаар дурдсан хэсгүүдийг сургалтын хөтөлбөрөөс хасах шийдвэрийг Израилын эрх баригчид гаргажээ. Энэ талаарх мэдээллийг The Jerusalem Post сонин дамжуулсан байна. 

 

Тунбергийн талаарх хэсгүүдийг сургалтын хөтөлбөрөөс хасах болсон нь тэрбээр Палестины ард түмнийг дэмжсэнтэй холбоотой аж. Тунберг ийм үйлдэл хийснээрээ даган дуурайх үлгэр дуурайлал гэж тооцогдох эрхгүй болсон, Израилын сурагчид цаашид түүнээс үлгэр жишээ авах ямар ч боломжгүй гэж Израилын Боловсролын яам мэдэгджээ. 

 

Өмнө нь Израилын армийн төлөөлөгч Арье Шаруз Шаликар байгаль хамгаалагч Тунбергийг алан хядагчдын хамсаатан хэмээн мэдэгдэж байв. Тунберг Палестин хүн амын зовлон шаналлыг ярьж байгаа ч Израилын ард түмний дунд золиос болсон олон хүн байгааг огт дурдаагүй хэмээн тэрбээр буруутгаж байв.

 

Энд дуулгахад, Тунберг олон нийтийн сүлжээндээ Палестины ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн пост оруулсан бөгөөд үүний дараа түүнийг бусад байгаль хамгаалагчид, тэр дундаа Израилыг дэмжигчид ихээхэн шүүмжилж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин