Энэ сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Газын зурвасаас Израилын нутаг руу нэвтэрч, олон хүний аминд хүрсний дараа Израил дайны байдал зарлан, Газын зурвасыг агаараас бөмбөгдөж эхэлснээр ХАМАС, Израилын хооронд дайн дэгдсэн юм. Израилын арми Газын зурвасын оршин суугчдыг нүүх багахан хугацаа өгч, хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлнэ гэж мэдэгдсэн ч энгийн иргэдийн аюулгүй байдлыг бодолцон хойшлуулсан талаарх мэдээлэл гарч байлаа.
Цаашлаад, Палестины ХАМАС бүлэглэл олзны хүмүүсийг бүгдийг суллахгүй, зэвсгээ хураалгахгүй бол Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаас аргагүй гэж Израилын армийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жонатон Конрикус Австралийн АВС радиостанцад өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна. Энэхүү ажиллагааны зорилго нь ХАМАС-ыг байлдааны нөөц боломжгүй болгох явдал гэж тэрбээр онцлоод ХАМАС нуувчнаасаа гарч, олзны хүмүүсийг бүгдийг суллаж, үг дуугүй бууж өгвөл дайн дуусах байсан, гэхдээ ийм зүйл болохгүй гэж цохон тэмдэглэжээ.
Өмнө нь CNN суваг мэдээлэл дамжуулахдаа, АНУ-ын зүгээс Израилд дарамт шахалт үзүүлж, хуурай замын цэргийн ажиллагааг хойшлуулж, олзны хүмүүсийг суллахыг уриалсан талаар онцолж байв. Гэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ мэдээллийн дараа "хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлэх тухай шийдвэрийг гагцхүү Израил бие даан гаргана, харин Вашингтон ердөө л зөвлөгөө өгч чадна" хэмээн мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |