ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Донбассыг чөлөөлөх нэрийн дор "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр, Оросын арми Украины нутаг руу халдаж, Украин, Оросын хооронд дайн дэгдэснээр жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд ОХУ-ын тал бие бүрэлдэхүүнийхээ хохирлын талаар ганцхан удаа мэдээлж, цаашлаад "төрийн нууц" гэсэн шалтгаанаар хохирлын талаар мэдээлэхгүй байгаа бол барууны тагнуулууд энэ улсын хохиролтой холбоотой төрөл бүрийн мэдээллийг дамжуулсаар байгаа юм.
Хамгийн сүүлийн үеийн байдлаар, Украин дахь дайнд амиа алдсан болон хүнд шархадсан Оросын армийн цэргүүдийн тоо 150 -190 000-д хүрсэн гэж Их Британийн Батлан хамгаалах яамны тагнуулын алба мэдээлсэн байна. Харин байлдааны талбарт эргэн ирэх боломжтой шархдагсдыг оруулж тооцвол бие бүрэлдэхүүний хохирол 240-290 мянгад хүрсэн гэж тагнуулын мэдээнд өгүүлснийг Москва Таймс онцолжээ.
Тагнуулын албаныхан ийм тооцоолол гаргахдаа армийн байнгын бие бүрэлдэхүүнд багтдаг цэргийн алба хаагчдыг л тоолсон, харин Вагнер хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүд болон ял эдлэж байгаад хөлсний цэргээр фронт руу явсан хүмүүсийг оруулж тоолоогүй байна.
Шинжээчдийн онцолсноор, сүүлийн долоо хоногуудад Оросын бие бүрэлдэхүүний хохирол эрс нэмэгдсэн гэнэ. Учир нь Оросын арми Донецк мужийн Авдеевка орчимд томоохон хэмжээний өргөн цар хүрээтэй давших ажиллагаа эхлүүлж, харин Украины Зэвсэгт хүчин сөрөх давшилт хийсний дүнд Оросын армийн амьд хүчний зарцуулалт 90 хувиар нэмэгджээ.
Авдеевка бүсэд хийх давшилт энэ сарын 10-ны өдөр эхэлсэн юм. Давшилт эхэлснээс хойш 10 өдрийн дотор Оросын арми 201 нэг техник, тэр дундаа 42 танк, 49 байлдааны явган цэргийн машин, 10 хуягт тээвэрлэгчээ алдсан гэж Oryx мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |