ХАМАС анх удаа олзны хүмүүсээс хоёрыг нь суллалаа
2023-10-23

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өглөө Израил руу гэнэт халдаж, хэдэн мянган пуужин харван, олон хүний аминд хүрсний дээр 200 гаруй хүнийг барьцаалсан. Эдгээр хүмүүсээс хоёр хүүхэдтэй нэг Израилын иргэн эмэгтэйг сулласан гэсэн мэдээлэл гарсан ч энэ мэдээ батлагдаагүй юм. Харин энэ сарын 20-ны өдөр, барьцааны хүмүүсийг сулласан анхны, батлагдсан тохиолдол гарсан талаар Jerusalim Post сонин мэдээлжээ.

 

Тодруулбал, 10 дугаар сарын долооны өдөр барьцаалагдсан 200 гаруй хүний дунд байсан АНУ-ын иргэд болох Жудит болон Натали Раанан гэсэн хоёр эмэгтэйг ХАМАС бүлэглэл сулласан байна. Тэд ХАМАС-ын барьцаанаас суллагдан, Израилд ирсэн бөгөөд улмаар тэднийг цэргийн бааз руу хүргэж, ар гэрийнхэнтэй нь уулзуулсан гэж Израилын албаны эх сурвалжууд 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгджээ. 

 

Израилын албан тушаалтнууд болон орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, ХАМАС бүлэглэл АНУ-ын иргэдийг суллахдаа ямар нэг болзол тулгаагүй, буулт хийгээгүй гэнэ. 

 

Харин ХАМАС бүлэглэлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Телеграм дахь хуудсандаа бичихдээ "Америкийн иргэдийг (ээж, охин хоёр) хүмүүнлэгийн үүднээс, Байден болон түүний фаүист захиргааны мэдэгдэл худал хуурмаг болохыг Америкийн ард түмэн болон дэлхий дахинд батлахын тулд сулласан" хэмээн онцолжээ.

 

Жудит болон Натали Раанан нар Израилд амралтаараа ирсэн байх үедээ Жудитийн ээжийн 85 насны ойг тэмдэглэн Нахаль Оз сууринд байх үедээ ХАМАС-ын дайчдад барьцаалагдсан байна. Өдгөө 59 настай Жудит болон 17 настай Натали нар Чикагод амьдардаг, Жудит Израилд төрсөн бөгөөд энэ улстай холбоотой, төрөл төрөгсөд нь амьдардаг тул ийнхүү Израилд ирсэн үедээ барьцаалагдсан ч азаар суллагджээ.

 

ХАМАС-т олзлогдсон хүмүүс 

 

ХАМАС бүлэглэл 200 гаруй хүнийг барьцаалсны дотор зөвхөн Израил төдийгүй өөр олон орны иргэд байгаа гэсэн мэдээлэл бий. Тиймдээ ч олон орны эрх баригчид, тэдгээр улс орны тагнуулын болон дипломат албаныхан халдлагад өртсөн бүс нутгуудаас сураггүй болсон иргэдийнхээ талаар ямар нэг мэдээлэл олж авахаар хичээж байгаа юм.

 

ХАМАС-т чухам хичнээн хүн барьцаалагдсан талаарх тодорхой мэдээлэл байхгүй. Олон улсын хэвлэлүүдээр 200 гаруй хүн барьцаалагдсан эгсэн мэдээлэл гарч байгаа бол өнгөрсөн долоо хоногт Израилын Гадаад хэргийн яам ХАМАС-ын халдлагын улмаас амиа алдсан болон сураггүй болсон гадаадын иргэдийн талаарх урьдчилсан тоон мэдээллийг олон нийтэд хүргэхдээ 31 орны 140 хүн сураггүй хэмээн мэдээлж байв. 

 

Израилын армийн албан ёсны төлөөлөгч Даниель Хагари даваа гарагт мэдээлэл хийхдээ, олзлогдсон хүмүүсийн ар гэрт мэдээлэл өгч, тэдний төрөл төрөгсдийг Газын зурваст байлгаж байгаа хэмээн мэдээлсэн талаар онцолж байлаа. Түүний өгүүлснээр, Израилын цэргийнхэнд барьцааны хүмүүсийн байршлын талаарх тодорхой мэдээлэл байгаа гэнэ.

 

АНУ болон түүний зарим холбоотнууд ХАМАС-ын улс төрийн жигүүрийн офис байдаг Катарт хандан барьцааны хүмүүсийг таних, тэдний байршлыг болон хоригдож буй нөхцөлийг мэдэхэд туслах хүсэлт гаргасан талаар WSJ мэдээлсэн байна. Түүнчлэн Туркээс ч олон орон туслахыг хүсэж байгаа бол  Франц, Герман, Их Британийн эрх баригчид Газын зурвастай хиллэдэг Египетээс тусламж гуйжээ. 

 

Барьцаалагдсан хүмүүсээс 22 нь Газын зурваст өгсөн Израилын цохилтын улмаас амиа алдсан гэж ХАМАС мэдэгдсэн. Гэхдээ энэ мэдээллийг шалгах боломжгүй байгаа юм. Түүнчлэн ХАМАС-ын зэвсэгт жигүүрийн төлөөлөгч Абу Обеда Телеграм хуудсандаа "олон арван олзны хүнийг аюулгүй газарт, хонгилд нуусан" хэмээн бичжээ. 

Амиа алдсан гадаадын иргэдийн тухайд хамгийн их иргэнээ Израилд алдсан улс нь АНУ байгаа юм.

 

АНУ-ын эрх баригчдын мэдэгдсэнээр, Израил дахь сөргөлдөөний улмаас АНУ-ын 30 иргэн амиа алджээ. Үүний араас ОХУ бичигдэх бөгөөд халдлагын улмаас Оросын 16 иргэн амиа алдсан нь одоогоор тогтоогдоод байгаа аж.

 

Сураггүй болсон хүмүүсийн дунд Израилаас ихээхэн хол оршдог улс орнуудын иргэд ч байна. Тодруулбал, Таиландын есөн иргэн, Филиппин, Узбекистаны тус бүр дөрвөн иргэн, Хятадын гурав, Чилийн хоёр, Прагвай болон Перугийн тус бүр нэг, Австралийн нэг иргэн, Украины долоон иргэн сураггүй болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин