ХАМАС, Израилын дайны улмаас Хятад Ойрх Дорнод руу цэргийн онгоц илгээв
2023-10-23

Энэ сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, олон хүний аминд хүрснээр Израилд дайны байдал зарлаж, Газын зурвасыг бөмбөгдөж эхэлснээр ХАМАС, Израилын хооронд дайн дэгдсэн юм. Үүний дараахан Израилын холбоотон болох АНУ цэргийн хөлөг онгоцуудаа Ойрх Дорнод руу илгээж байсан бол энэ удаад БНХАУ ийм алхам хийжээ. 

 

Тодруулбал, ХАМАС, Израилын сөргөлдөөн дэлхийн дайн болон өргөжиж болзошгүй гэж эмээсэн БНХАУ Ойрх Дорнод руу зургаан цэргийн хөлөг онгоц илгээсэн байна.

 

The Sun сонины мэдээлснээр, Хятадын Тэнгисийн цэргийн 44 дүгээр шуурхай бүлэг Оманы Тэнгисийн цэргийн хүчинтэй хамтарсан сургуулилалт хийснийхээ дараа Маскат боомтоос хөдөлжээ. 


Хөлөг онгоцны бүлгийн бүрэлдэхүүнд удирдлагатай пуужингаар зэвсэглэгдсэн "Жыбо" 052D онгоц, "Жинчжоу" болон цогц хангамжийн "Цяньдаоху" онгоц багтаж байгаа аж. Энэ бүлэг зургаан сарын өмнө Сомалигаас хойд хэсэгт Адены буланд ирэх мөчөөс эхлэн хөлөг онгоцуудыг дагалдан явах ажилд оролцож байсан аж.

 

Энд дуулгахад, өмнө нь Израилын эрэг рүү АНУ, Британи байлдааны хөлөг онгоцуудаа илгээсэн. Түүнчлэн АНУ 2000 тэнгисийн явган цэргээ байршуулж, сөнөөгч онгоцнуудын эскадрилийг хүч нэмэн, Ойрх Дорнодод нэмэлтээр зенит пуужингийн комплекс байршуулахаар шийдэж байв. 

 

Хятадын байр суурь 

Хятад ийм байлдааны хөлөг онгоцуудыг илгээснээр цаашид ямар алхам хийх гэж байгаа нь тодорхойгүй. Харин ХАМАС, Израилын сөргөлдөөнд Изриалыг буруутгасан өнгө аястай мэдэгдэл хийж байлаа. 

 

Тодруулбал, Исламын ХАМАС бүлэглэлийн дайчид халдсаны хариуд авсан Израилын арга хэмжээ “өөрсдийгөө хамгаалах цар хүрээнээс хальсан” гэж  Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал бин Фархантай 10 дугаар сарын 15-ны өдөр утсаар хэлэлцэх үеэрээ мэдэгдэж байв.  


Израил олон улсын нийгэмлэг болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын уриалгыг дагаж, Газын зурвасын оршин суугчдыг “бөөнөөр нь шийтгэх”-ээ зогсоох ёстой гэж онцолж байв. 

“Хүний мөс чанартай эрс зөрчилдөж, олон улсын эрхзүйн үндсэн дүрмүүдийг зөрчиж байгаа тул энгийн иргэдэд хор хохирол учруулж буй бүхий л үйлдлийг БНХАУ эсэргүүцэж, шүүмжилж байна” хэмээн Ван И цохон тэмдэглэжээ. 


Түүнчлэн Израил болон ХАМАС-т хандаж, зэвсэгт сөргөлдөөнийг цаашид хурцдуулах аливаа үйлдэл хийхгүй байж, аль болох хурдан хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалж байлаа.


Харин БНХАУ-ын дарга Ши Жинпинь Израил, ХАМАС-ын хоорондын дайнаас гарах гарц нь Палестины тусгаар улс байгуулах явдал гэж цохон тэмдэглэж байв. 

Shuud.mn
Сонин хачин