ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Оросын жуулчдыг Хойд Солонгост амрахыг зөвлөжээ. Энэ талаар ОХУ-ын төрийн агентлаг болох ТАСС дамжуулсан байна.
Сергей Лавров 10 дугаар сарын 18-ны өдөр БНАСАУ-д айлчлал хийхээр газардсан юм. Түүнийг нисэх буудал дээр үндэсний хувцастай 200 орчим солонгос хүн угтжээ. Энэ үеэр сэтгүүлч Лавровоос Оросын жуулчдыг Хойд Солонгост амрахыг зөвлөх байсан эсэх талаар асуухад Лавров "тийм ээ тэгэх байсан" хэмээн хариулсан байна.
Хойд Солонгос нь дэлхийн хамгийн хаалттай, ядуу буурай орнуудын нэг юм. Энэ улс руу аялахын тулд гагцхүү жуулчны бүлэгт багтан аялах ёстой. Гадаадын иргэд "Мазон" наран шарлагын газар болон "Масик" уулын цанын баазаар л үйлчлүүлэх боломжтой гэнэ.
Г.Бямбасүрэн