Испанийн Валенси хотод ажлын өдрүүдийг дөрвөн өдөр болгох туршилтыг нэг сарын хугацаанд хийжээ. Энэ туршилтаас эерэг болон сөрөг үр дүн гарсан талаар Ройтерс мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 800 мянга орчим оршин суугч амьдардаг Валенси хотод 360 000 ажилтан ажлын өдрийг цөөлөх туршилтад хамрагджээ. Туршилтаас харахад тав биш дөрвөн өдөр ажиллах нь хүмүүсийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байсан гэнэ. Тэр дундаа, ажилтнуудын стрессийн түвшин буурч, тэд хүүхдүүд, гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх боломжтой болсны дээр түлшний хаягдал буурсан байна. Үүний зэрэгцээ нэмэлт амралтын өдөртэй болсон ажилтнууд амрах үеэрээ спортоор хичээллэж эхлэн, гэртээ эрүүл хоол хүнс бэлтгэн хэрэглэх болжээ.
Испанийн Эрүүл мэнд, нийгмийн шинжлэх ухааны шинжээчдийн комиссын тогтоосноор, ажлын шинэ хуваарь нь хүмүүсийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ажилтнууд ядрах нь багасч, илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун болсныг тогтоосон байна. Түүнчлэн нэмэлт амралттай болсон хүмүүс хоббигоо хөгжүүлж, зураг авч, хөгжим сонсох нь эрс нэмэгджээ. Мөн ажилтнууд гурван өдөр амарснаар тэдний хүүхдүүдэд илүүтэй сайнаар нөлөөлсөн бөгөөд хүмүүс ажил, хувийн амьдралаа тэнцүүлэн авч явах боломжийг олгосон байна.
Харин сөрөг үр дагаврын тухайд, гурван өдөр амрах болсон тамхи хэрэглэгчид илүү их татаж, согтууруулах ундаанд дуртай хүмүүс нь урьдаас ихээр уух болсон аж.
Г.Бямбасүрэн