Газын зурвасыг бөмбөгдөх үеэр энэ бүсэд байх Грекийн Гэгээн Порфирийн үнэн алдартны сүм сүйджээ. Сүм нурсны улмаас хүмүүс амиа алдсан гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сүм нурсны улмаас хоёр хүн амиа алдсаны нэг нь хүүхэд байсан гэнэ. Бөмбөгдөлтийн үеэр сүмд хоргодож байсан хүмүүс сүм нурсны улмаас гэмтэж бэртсэний дээр олон хүн нурангинд даруулжээ. Тухайн үед 1000 орчим хүн сүмд хоргодож байсан бөгөөд тэдний ихэнх нь эмэгтэйчүүд хүүхдүүд байсан гэнэ.
Гэгээн Профирийн сүм нь Грекийн үнэн алдартны сүмд харьяалагддаг, энэ бүс нутаг дахь хамгийн эртний сүмүүдийн нэг бөгөөд анх манай эриний V зуунд барьж байгуулсан бөгөөд хэдэнтээ сэргээн босгож байжээ. Өнгөрсөн долоо хоногт Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис хамба Константинополийн Варфоломейтэй уулзахдаа Газын зурвас дахь Грекийн сүмийг Израилын армийн цохилтоос хамгаалахын тулд Грекийн Засгийн газар Израилын талтай хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл гарч байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |