Буриадын гаалийн ажилтнууд 120 мянга гаруй ам.долларыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрүүлжээ. Энэ талаар Буриадын Гаалийн газрын хэвлэлийн албанаас авсан эх сурвалжтайгаар Восток-Телеиформ мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсын иргэн хоёр эмэгтэй ОХУ руу 70 мянган ам.доллар, таван сая гаруй рубль, 11 мянган төгрөгийг гаалийн мэдүүлэгт бичилгүйгээр хилээр нуун авч гарахыг завдсан бөгөөд энэ нь тухайн өдрийн ханшаар 121,5 мянган доллар (shuud.mn: монгол мөнгөөр 424,7 сая төгрөг) болж байгаа аж. Эмэгтэйчүүд мөнгөний нэг хэсгийг хар уутанд баглаж, машиныхаа багажинд нуусан бол нөгөө хэсгийг хувцсан дотроо нуусан байжээ.
Монголын хоёр иргэн эмэгтэйн нуун гаргахыг завдсан нийт мөнгөн дүн хилээр гаалийн мэдүүлэгт тусгалгүй авч гарахыг зөвшөөрсөн мөнгөн дүнгээс тав дахин илүү, онц их хэмжээний мөнгөнд тооцогдож байгаа аж.
Тиймээс нэмэлт шалгалт хийсний дүнд Монголын иргэдийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 200.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн "а" заалтаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ заалт нь "онц их хэмжээний бэлэн мөнгийг хууль бусаар хил давуулах" хэрэгтэй холбоотой бөгөөд ийм үйлдэл хийсэн этгээдүүдийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан мөнгийг 10-15 дахин нэмэгдүүлсэн торгууль, эсвэл дөрөв хүртэлх жилийн ял, эсвэл мөн хугацаагаар албадан хөдөлмөр эрхлүүлэх шийтгэлтэй байдаг аж.
ОХУ-ын хилээр 100 мянган доллараас дээш хэмжээний үнийн дүн бүхий бэлэн мөнгө, үнэт цаасыг нэвтрүүлэхдээ гаалийн мэдүүлэгт заавал тусгадаг. Мөн бэлэн мөнгө гаргахад гаалийн татвар ногдуулдаггүй гэж Буриадын гаалийн алба сануулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |