Аравдугаар сарын долооны өглөө ХАМАС бүлэглэл Израил руу олон мянган пуужин харваж, бүлэглэлийн дайчид Израилын нутаг руу нэвтэрснээр ХАМАС, Израилын дайн дэгдсэн юм. Үүний араас Израилын эрх баригчид албан ёсоор дайны байдал зарлаж, Газын зурвас руу агаараар цохилт өгч эхэлж байлаа. Израилын арми агаарын цохилтын араас хуурай замын цэргийн ажиллагаа явуулах тул энгийн иргэдийг нэн даруй нүүхийг шаардаж байв. Хуурай замын цэргийн ажиллагаа товлосон хугацаандаа эхлээгүй хэд хонож байна. Үүний шалтгааныг цаг агаарын нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байлаа. Харин пүрэв гарагт Израилын эрх баригчид Газын зурвас руу орох зөвшөөрлийг цэргүүддээ өгчээ.
Тодруулбал, цэргүүд бэлэн болсон цагтаа Газын зурвас руу нэвтрэх зөвшөөрлийг Израилын арми авсан гэнэ. Энэ талаар Израилын Үндэсний аюулгүйн зөвлөлийн гишүүн, тус улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Нир Баркат мэдэгджээ.
"Армид зөвшөөрөл өгсөн <...> Израилын Засгийн газар шийдвэр гаргаж, ХАМАС бүлэглэлийг бүрэн устгах зөвшөөрлийг армидаа өгсөн" гэж тэрбээр мэдэгдээд, цэргүүд бэлэн болсон цагтаа Газын зурвас руу нэвтэрнэ хэмээн онцолжээ.
Гэхдээ тэрбээр цэргийн ажиллагааны төлөвлөгөөний талаар нарийвчилсан мэдээлэл өгөөгүй байна. Харин олзны хүмүүсийг суллахыг хичээж байгаагаа онцолжээ.
"Бид олзны хүмүүсийг амьдаар нь эргүүлэн авчирахын төлөө бүхий л хүчин чадлаа дайчилна. Израилын хувьд эхний бөгөөд сүүлчийн тэргүүлэх зорилт нь ХАМАС-ыг устгах явдал. ХАМАС-ын дайчдын газар доорх бункерүүд дэлхийн хамгийн том оршуулгын газар болно" гэсэн хатуухан мэдэгдлийг Нир Баркат хийснийг АВС суваг дамжуулжээ.
ХАМАС удаан үргэлжлэх дайнд бэлэн
Ердөө хэдхэн хоногийн өмнө Израилын өндөр албан тушаалтан Израил, ХАМАС-ын сөргөлдөөн удаан үргэлжилнэ, хэдийгээр энэ дайн Израилын армийн ялалтаар дуусна гэдэгт итгэлтэй байгаа ч ард иргэд удаан хугацаанд дайны байдалд амьдарна гэдгээ ухаарах ёстой хэмээн мэдэгдэж байлаа.
Сөргөлдөөний нөгөө тал болох ХАМАС ч дайн удаан үргэлжлэхэд бэлэн байгаа гэнэ. Тодруулбал, ХАМАС бүлэглэлийн цэргийн жигүүр болох "Иззэддин аль-Кассамын бригад" бүлэглэл нөхцөл байдлыг хяналтдаа авсан, Израилын эсрэг удаан хугацаанд байлдааны ажиллагаа явуулахад бэлэн гэж мэдэгджээ.
"Манай дайчид байлдааны талбар дээр урьдын адил нөхцөл байдлыг хяналтьдаа байлгаж, хэзээ цохилт ирэхийг сайн мэдэж байгаа <...> Бид урт удаан байлдаанд бэлэн" хэмээн Телеграм сувагт нийтлэгдсэн бүлэглэлийн мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн "сүүлийн 75 жилийн хугацааны хамгийн муу нөхцөл байдалтай Израил тулсан, АНУ-ын үзүүлж буй дэмжлэг ч одоо тэдэнд тус болохгүй" гэж мэдэгдэлд онцолсон байна.
Энд дуулгахад, 10 дугаар сарын долооноос эхэлсэн хоёр талын сөргөлдөөний улмаас Палестин 3,3 мянга, Израил 1,4 мянган хүнээ алдаад байгаа юм. Хамгийн сүүлд, Газын зурвас ноцтой хохирол амссан үйл явдал нь 10 дугаар сарын 17-ны өдөр баптист эмнэлэг пуужингийн цохилтод өртсөн явдал байлаа. Аль тал цохилт өгсөн нь мэдэгдэхгүй байгаа энэ эмгэнэлт үйл явдлын улмаас 800 гаруй хүн амиа алдаж, үүний араас исламын шашинтай орнуудад эсэргүүцлийн арга хэмжээ өрнөөд байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |