"Бүс ба зам"-ын оролцогчдыг дайлахаар 40 метр урт ширээ засчээ
2023-10-19

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны форум энэ сарын 17-18-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Энэ арга хэмжээнд оролцогчдод зориулсан хүндэтгэлийн зоог барих ёслолын үеэр зочдыг хэрхэн дайлсан талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Phoenix сувгийн  мэдээлснээр, 10 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жинпинь эхнэр Пэн Лиюанийн хамтаар хүндэтгэлийн оройн зоог дээр "Бүс ба зам" форумд оролцсон төлөөлөгчдийн тэргүүнүүдийг хүлээн авч, мэндчилсэн байна. 

Хүндэтгэлийн оройн зоог зохион байгуулахын тулд Бээжин дэх Ардын хурлын ордны Алтан танхимын гол хэсэгт 40 метр урттай ширээ засаж, орчныг нь Аугаа торгоны замын түүх, олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны сэдэвт дүрслэлээр бүрдүүлжээ.

Хүндэтгэлийн оройн зоогийн эхний хоол нь "Цюаньжяфу" байсан гэнэ. Энэ зоогийг эрхэм дээд зочдод ёслолын үеэр өгдөг, хоолны нэрийг орчуулвал "гэр бүлийн аз жаргал" гэсэн утгатай аж. Энэ хоол нь далайн өргөст хэм, өндөг, тахиа, нугас зэрэг төрөл бүрийн орц бүхий рагу юм байна. Түүнчлэн үхрийн мах, Бээжин нугас, хавчтай банш зэрэг олон төрлийн хоолоор зочдыг дайлжээ.

 

Харин десертэнд зайрмаг болон жимс өгсөн байна. Согтууруулах ундааны хувьд  2009 оны Great Wall хуурай, улаан хятад дарс, 2016 оны Changyu  хуурай цагаан дарс, Маотай архины сонголттой байсан гэнэ.

 

Энд дуулгахад, "Бүс ба зам" форум 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Бээжин хотод болсон. Энэ уулзалтад дэлхийн 140 гаруй орны 4000 гаруй төлөөлөгч оролцжээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин