Аравдугаар сарын долооны өдрийн өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израил руу халдаж, бүлэглэлийн дайчид нэвтрэн орсноор Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэн юм. Улмаар Израилын арми Газын зурваст цохилт өгч, энэ бүс нутагт хүмүүлэгийн хямрал нүүрлээд байгаа. Орон гэргүй болсон, өөр бүс рүү шилжин суурьшсан хүмүүст тусламж нэн шаардлагатай байгаа тул олон улс Газын зурвас руу хүмүүнлэгийн ачаа илгээж эхэлжээ.
Эдгээр орнуудын нэг болох ОХУ Газын зурвасын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна. Тусламж илгээх тушаалыг Владимир Путин өгсөн бөгөөд хүмүүнлэгийн тусламж ачан Онцгой байдлын яамны тусгай онгоц Москвагийн ойролцоох нисэх буудлаас хөөрчээ. Тусламжийн багцад гурил, элсэн чихэр, будаа, гоймон зэрэг 27 тонн ачаа багтаж байгаа аж.
Хүмүүлэгийн тусламжийг ачсан онгоц Газын зурваст биш харин Египетэд газардах юм байна. Египетэд газардсаны дараа ачааг Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгч, улмаар олон улсын байгууллагын төлөөлөгчид шаардлагатай хүмүүс рүү тусламжийг зөөх аж.
Энд дуулгахад, палестинчуудад тусламж үзүүлэх зорилгоор Египетийн Ерөнхийлөгч "Рафах" шалган нэвтрүүлэх боомтыг нээхээр зөвшөөрсөн юм. Өмнө нь энэ боомтоор төрөл бүрийн орноос тусламж ачсан 20 ачааны машин гацаад байв. Улмаар хилийн боомтыг нээснээр гадаад орнуудаас ирэх хүмүүнлэгийн ачааг Газын зурвас руу хүргэх боломжтой болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |