Германы тусгайгийнхан ХАМАС-т олзлогдсон германчуудыг аврахаар Кипрт очив
2023-10-19

Герман улс Кипр рүү элитийн тусгай цэргүүдийг илгээжээ. Газын зурвас эсвэл Ливанаас германчуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан үед Германы тусгайгийнхан ажиллагааг зохион байгуулах аж. 

 

DW агентлагийн мэдээлснээр, Германы тусгайгийнхны гол зорилго нь ХАМАС бүлэглэлийн олзноос хүмүүсийг чөлөөлөх явдал гэнэ. Сүүлийн үеийн мэдээллээр, ХАМАС-ын олзонд 199 хүн байгаагийн найм нь Германы иргэн аж. ХАМАС Израилын талыг гал зогсоосон нөхцөлд олзны хүмүүсийг чөлөөлнө хэмээн мэдэгдэж байгаа юм. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Кипр рүү тусгай зориулалтын хүчний командлалын гишүүдийг тоног төхөөрөмжийн хамт, түүнчлэн Германы Тэнгисийн цэргийн тусгай зориулалтын хүчний командлалын цэргүүдийг илгээсэн байна. Тэнгисийн цэргийн тусгайгийнхан нь цэргийн шумбагчид бөгөөд германчуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан тохиолдолд тэнгисээс дэмжлэг үзүүлэх зорилгоор тэднийг илгээжээ.

 

Үүний зэрэгцээ, Кипрт ХБНГУ-ын Холбооны цагдаагийн тусгай зориулалтын хэлтэс болох GSG-9 -ийн алба хаагчдыг байршуулсан байна. Энэ хэлтэс нь барьцааны хүмүүсийг суллах тал дээр мэргэшсэн. Тиймдээ ч ХАМАС-ын олзонд орсон германчууд болон Газын зурвасын нутаг дэвсгэр дээр амьдардаг, энэ бүс нутгаас явах хүсэлтэөй байгаа германчуудыг аврахад цагдаагийн тусгайгийнхны тусламж шаардлагатай аж.

 

Германы хэвлэлүүдийн мэдээлснээр, Кипрт Германы тусгайгийнхан бүрэн бэлэн байдалд орсон, Германы эрх баригчид Ойрх Дорнод дахь нөхцөл байдал цааш хэрхэн өрнөх тал дээр олон хувилбарт бэлэн байхаар чармайж байгаа гэнэ. Ажиллагааны үеэр хичнээн хүнийг нүүлгэн шилжүүлэх талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербюк 10 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэл хийхдээ Германы найман иргэн ХАМАС-ын дайчдад олзлогдсон хэмээж байлаа. Израилын талын мэдэгдсэнээр, Палестины бүлэглэлд олзлогдсон нийт хүмүүсийн тоо 199 аж. Палестины ХАМАС бүлэглэл олзны хүмүүсийг Израилын шоронгуудад хоригдож байгаа олон мянган палестин хүнээр солино гэж мэдэгдэж байсан бол дараа нь, 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэл хийхдээ Израил гал зогсоовол олзны хүмүүсийг чөлөөлөхөд бэлэн гэдгнийг онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин