Украины Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн халдлагаас Крымийг хамгаалахын тулд Оросын цэргийн алба хаагчид тусгай сургуультай далайн гахай ашигладаг гэж Британийн Хааны флотын албан ёсны хэвлэл болох Naval News мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украинд дайн эхэлсний дараахнаас Оросын арми Украины Зэвсэгт хүчний халдлагаас Севастополийн буланг хамгаалахын тулд сургуультай далайн гахай ашиглаж эхэлсэн гэнэ. Далайн гахайнуудыг Крымд байх сургалтын төвд сургажээ. Украин руу халдахаас өмнө эдгээр далайн гахайг Новороссийск, Сири дэх ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын бааз байрлах Тартусд ашигладаг байжээ.
Анх Севастополийн булангийн усанд 3-4 далайн гахай байдаг байсан бол энэ оны долдугаар сард Украины Зэвсэгт хүчний сөрөх давшилт эхэлсний дараа далайн гахайны тоог хоёр дахин нэмсэн байна. Тусгайлан сургагдсан далайн гахай нь сөргөлдөгчийн болзошгүй хорлон сүйтгэх ажиллагаанаас тэнгисийн цэргийн баазыг хамгаалах даалгавартай байдаг аж.
Энд дуулгахад, олон улсын хэвлэлээр ОХУ Севастополийн буланг хамгаалахад ашигладаг гэгдэх "тагнуулч далайн гахайнууд"-ын талаарх мэдээлэл үе үе гардаг. Хамгийн сүүлд гэхэд зургадугаар сарын сүүлээр Британийн тагнуулынхан ийм далайн гахайнуудын талаар мэдээлсэн юм. Украины Зэвсэгт хүчний бэлтгэл нэгдүгээр зэрэглэлийн ахмад, цэргийн шинжээч Андрей Рыженкогийн онцолсноор далайн гахайнууд усан дор хүмүүс болон объектуудыг холын зайнаас илрүүлэх байгалийн чадвартай байдаг гэнэ. Ийм чадварыг хорлон сүйтгэгчдийг илрүүлэх болон хөлөг онгоцуудыг минижүүлэх гэсэн хоёр зорилгоор ашигладаг байжээ.
Далайн гахайнуудыг ашигласан "тусгай хэлтэс"-ийг 1970-аад онд Севастопольд байгуулж байсан гэнэ. Энэ объектыг чандлан нууцлаж байсан ч объектын талаарх яриа ихэд гарч байсан аж.
Энэ нь туршилтын бааз байсан бөгөөд хожим нь "Государственный океанариум" нэртэй эрдэм шинжилгээ судалгааны төв болжээ. Анхлаад энд дуу чимээ гаргалгүй явах чадвартай, хурдтай хөлөг онгоц бүтээхийн тулд далайн гахайнуудыг загвар болгон ашиглаж байсан гэнэ.
Гэхдээ 1970-аад онд тухайн бааз зөвхөн шинжлэх ухааныг хөгжүүлээд зогсохгүй Тэнгисийн цэргийн флотын ашиг сонирхолд нийцүүлэн ажиллаж байсан аж. Чухамхүү тэр үед л хорлон сүйтгэгчидтэй тэмцэж байсан отрядад сургуультай далайн гахайнуудыг хүлээлгэн өгчээ.
1975 оноос эхлэн далайн гахайн хэлтэс Севастополийн буланг хамгаалж, жижүүрт гардаг болсон гэнэ. Далайн гахайнуудыг зэвсэглэж, хорлон сүйтгэгч шумбагчдыг хөнөөж сургажээ. Далайн гахайнуудын биенд тусгай жад бэхлэдэг байсан бөгөөд далайн гахайнууд шумбагч руу ойртон очиж, энэ жадаар цээж рүү нь сүлбэхээр сургагдсан байсан аж.
Гэхдээ далайн гахайнууд үнэхээр хорлон сүйтгэгчдийг олж байсан, эсвэл олоод хөнөөж байсан гэх баримт мэдээлэл одоо хүртэл байдаггүй юм.
Украин тусгаар тогтносны дараа тухайн бааз Украины мэдэлд очиж, далайн гахайнууд дээр хийж байсан цэргийн туршилтуудыг зогсоожээ. 2013 онд энэ баазын 10 далайн гахайг Украины флотод шилжүүлж, эдгээр амьтдыг далайн ёроолоос объект олоход сургасан байна.
Харин 2014 онд Крым эзлэгдсэний дараа бааз Оросын цэргүүдийн мэдэлд орж,ингэснээр далайн гахайнуудыг цэргийн ажиллагаанд дахин сургаж эхэлсэн талаар шинжээчид болон барууны тагнуулынхан онцолдог юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |