Саяхан эвслийн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан, Израилын Ерөнхий сайд асан Бени Ганц ХАМАС бүлэглэлтэй хийх дайнд олон сар шаардлагатай гэж үзэж байгаа аж. Түүнчлэн байлдааны үйл ажиллагааны дараа Израилыг сэргээн босгох ажил хэдэн жилээр сунжирна гэж тэрбээр мэдэгдсэнийг The Times of Israel дамжуулсан байна.
"Маш их хугацаа шаардагдана. Өмнөд зүг дэх дайн, мөн шаардлагатай бол хойд ч юм уу эсвэл өөр хэсэг дэх дайн олон сараар сунжирч мэднэ. Харин сэргээн босгох ажилд олон жил шаардлагатай" хэмээн Ганц The Times of Israel сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Тэрбээр ХАМАС-ыг ялна гэдэгт итгэлтэй байгаа ч цэргүүдэд хандан "удаан, амаргүй дайнд" бэлэн байхыг уриалжээ.
Бени Ганцын өгүүлснээр, ойрын үед дайны нөхцөлд амьдрахаас аргагүй болно гэдгийг Израилын оршин суугчид ойлгох ёстой гэнэ. Байдал хэцүү байгаа ч эцсийн дүнд алан хядагч бүлэглэлийг ялна гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.
Эргэн сануулахад, Палестины ХАМАС бүлэглэл, Израилын хоорондын дайн 10 дугаар сарын долооны өглөө Израилын нутаг дэвсгэр пуужингийн халдлагад өртсөнөөр эхэлсэн юм. Энэ хугацаанд Израилын тал 1,4 мянган хүнээ алдсан гэж мэдээлсэн бол Палестины 3,3 мянган оршин суугч амиа алджээ. Газын зурваст амиа алдсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа гэж НҮБ мэдээлсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |