Газын зурвас дахь эмнэлэгийг бөмбөгдөж, олон зуун хүний амь насыг хохироосон эмгэнэлт хэрэг гарсны дараа дэлхийн олон оронд эсэргүүцлийн жагсаал дэгдэж байна. Зөвхөн исламын шашинтай орнуудад төдийгүй, Испани, АНУ, Германд ч энэ төрлийн жагсаал болсон гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
NBC сувгийн мэдээлснээр, 10 дугаар сарын 18-ны үдэш АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Конгрессын байрны гадаа Палестиныг дэмжигчид цуглан, эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ үеэр 100 хүн баривчлагдсан байна. Тэдний ихэнхийг цагдаагийн гурван автобусанд гавлан суулгаж авч явжээ.
Гэрчүүдийн өгүүлснээр, цагдаагийнханд баривчлагдан гавлуулсан хүмүүсийн дунд тэргэнцэртэй иргэн ч байсан гэнэ. Мөн албаныхан 100 орчим хүн баривчилсан гэж мэдээлсэн бол орон нутгийн хэвлэлүүд 300 гаруй хүн баривчлагдан саатуулагдсан хэмээн мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |