Ромын дүрмийг соёрхсон Монголд Путин айлчлах уу
2023-10-19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжинд зохион байгуулагдсан "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны форумд оролцохоор Хятадад айлчилсан. Энэ айлчлалынхаа үеэр тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр талт хэлэлцээр хийж, мөн ирэх жил Путинийг Монголд айлчлахыг  урьсан.

 

"Ирэх жил бид Халхын голд хамтдаа ялалт байгуулсны 85 жилийн ой тохионо. Энэ ойг тэмдэглэх үеэр таныг манай сайхан оронд төрийн айлчлал хийхийг урьсан урилгаа би дахин баталгаажуулж байна" хэмээн У.Хүрэлсүх мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулж байв. Урилгыг хүлээж авсан, эсвэл татгалзсан тухай мэдээлэл гараагүй байна. 

 

Путин Монголд айлчлах эсэх нь ихээхэн эргэлзээ дагуулна. Учир нь манай улс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах зөвшөөрөл өгсөн Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 2002 онд соёрхон баталж байв. 

 

Олон улсын эрүүгийн шүүх Путинийг баривчлах зөвшөөрөл өгсөн шалтгаан нь юу байв? 

 

Энэ оны гуравдугаар сард Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх Орос Украин руу түрэмгийлсэнтэй холбоотой цэргийн гэмт хэргийн тухай хоёр хэрэг үүсгэж, хэд хэдэн хүнийг баривчлах ордер гаргасан. 

 

Тодруулбал,  Украины хүүхдүүдийг хулгайлсан болон иргэний дэд бүтцүүд дээр зориуд цохилт өгсөн гэж Оросыг буруутгаж, улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийг хариуцсан түшмэл Мария Львова-Белова нарыг баривчлах тогтоолыг гуравдугаар сарын 17-ны өдөр гаргасан юм.

 

ОУЭШ гэж юу вэ ? 

 

Ромын дүрэм нэртэй тусгай баримт бичгийн дагуу Олон улсын эрүүгийн шүүхийг байгуулж байв. Ромын дүрмийг 1998 оны долдугаар сарын 17-ны өдөр Ромд гаргаж, байв. 

 

ОУЭШ бол эрүүгийн эрхзүйн анхны, байнгын үйл ажиллагаатай олон улсын байгууллага болсон. Өмнө нь байсан Нюрнбергийн шүүх, Токиогийн шүүх зэрэг нь түр зуурын шинжтэй, тодорхой нэг үйл явдлыг шүүн хэлэлцэх зорилготой байв. ОУЭШ дөрвөн төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах бүрэн эрхтэй. Энэ нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, цэрэг дайны гэмт хэрэг болон түрэмгийлэл юм.

 

Ромын дүрэмд гарын үсэг зурсан төдийгүй соёрхон баталсан орнууд энэ дүрмийн гишүүн орнууд болдог. Одоогоор дэлхийн 123 орон Ромын дүрмийн гишүүн болсон. Үүний зэрэгцээ дэлхийн нөлөө бүхий улс орнууд Ромын дүрэмд нэгдээгүй байдаг. Эдгээр нь ОХУ, АНУ, БНХАУ юм. Түүнчлэн Энэтхэг, Турк, Израиль улс Ромын дүрмийг дэмждэггүй. 

 

Ромын дүрэм баталсан Монгол Путинийг баривчлах боломжтой юу? 

 

Ромын дүрмийг соёрхон баталсан орнууд нутаг дэвсгэрт нь Путин ирсэн тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүхийн тогтоолыг хэрэгжүүлж, Путинийг баривчлах ёстой. Энэ бол ОНОЛЫН ХУВЬД. 

 

Харин ничир дээрээ ийм үйл явдал болох нь ихээхэн эргэлзээтэй. Учир нь өөрийг нь баривчлах зөвшөөрөл өгсөн ОУЭШ-ийн гишүүн орнууд руу Путин очихгүй, харин Ромын дүрмийг соёрхон баталсан ч Оросын хувьд "нөхөрсөг" орнуудад тооцогддог улс орнууд Путин айлчиллаа гэхэд түүнийг барьж өгөх нь юу л бол. 

 

Ийм эргэлзээг шинжээчид ч илэрхийлж байлаа. 

 

"ОУЭШ-ийг хүлээн зөвшөөрсөн орнууд руу Оросын Ерөнхийлөгч явах ямар ч шаардлагагүй. Нөхөрсөг бус орнууд гэдэг талаас нь ч юм уу эсвэл эдгээр орнууд олон улсын харилцаанд бага үүрэг гүйцэтгэдэг гэдэг үүднээс нь тийм орнууд руу явахгүй. Харин ОУЭШ-ийг хүлээн зөвшөөрсөн ч манай орны хувьд нөхөрсөг орнууд, тухайлбал Монгол, ӨАБНУ зэрэг орнуудад өнөөгийн засгийн газар нь байгаа үед Путинийг баривчлах эрсдэлтэй алхам хийхгүй" хэмээн Оросын хуульч, улс төр судлаач Игорь Семеновский RIAMO.ru-д өгсөн тайлбартаа онцолж байв. 

 

Путинийг баривчлах тогтоолтой холбоотой тайлбар өгөхдөө Игорь Семеновскийн хэлсэн нэг үг эрхгүй анхаарал татна. 

 

Энэ нь "өнөөгийн засгийн газар нь байгаа цагт эрсдэлтэй алхам хийхгүй" гэж онцолсон явдал. Үүгээрээ тэрбээр, дайны үед Монгол, ОХУ-ын харилцаа сайн байгааг илэрхийлсэн бололтой. Олон улсын тавцанд манай улс Орос, Украины сөргөлдөөний тал дээр төвийг сахисан байр суурь илэрхийлдэг ч НҮБ-ын санал хураалтаар Оросын эсрэг санал өгөхөөс түтгэлзэж байснаараа Оросыг дэмжигч гэж харагдах болсон. Түүнчлэн шинжээчийн онцолсноос харахад, Путин ирлээ гэхэд яагаад ч баривчлахгүй гэдгээ манайхан үг, үйлдлээрээ баталсан бололтой юм даг. 

 

Энд дуулгахад, Ромын дүрмийг саяхан Армени баталснаас бол Орос, Арменийн харилцаа ихээхэн төвөгтэй байдалд орж байв.  Тодруулбал, энэ сарын эхээр Арменийн парламент Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг мягмар гарагт соёрхон баталсан юм. Ингэснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Арменид айлчилсан тохиолдолд энэ улсын эрх баригчид олон улсын журмын дагуу Путинийг баривчлах нөхцөл үүссэн.  

 

Үүнээс өмнө Армени Оростой харилцах цэргийн харилцаагаа таслах эрмэлзэлтэй байсан бөгөөд үүн дээр нэмээд Олон улсын эрүүгийн шүүхийн статутыг соёрхон батласнаар энэ хоёр орны харилцаа муудаж, Орос Арменийн эсрэг эдийн засгийн дайн дэгдэж эхэлсэн юм. Ромын статутыг батласны дараахан л Армениас Оросыг чиглэсэн ачаа тээвэрлэгчид хил дээр олон асуудалтай тулгарсан. Үүссэн нөхцөл байдал нь ОХУ руу нийлүүлж буй конъякийн чанарыг шалгах шаардлагаас үүдэлтэй гэж Оросын тал тайлбарлаж байв. Ингэснээр, Орос, Гүржийн хил дээрх цорын ганц үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй Верхний Ларс боомт дээр ачааны машинуудын бөөгнөрөл үүсэж байсан юм. Чанарын үнэлгээ хийж дуусах хүртэл ачаатай машинуудыг гаргахгүй гэж Оросын талын мэдэгдэж байсан ч гуравдугаар сард Путинийг баривчлах тогтоол гаргасан Гааг дахь Олон улсын шүүхийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн баримт бичиг болох Ромсын статутыг Армени соёрхон баталсан өдөр хил дээр чанарын шалгалт нэрийн дор Арменийн тээвэрлэгчдийг оруулахгүй саатуулах нөхцөл байдал үүссэн нь олны анхаарлыг татаж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
АРД:
Хоёр мөнхий хөршүүдтэйгээ эрх биш найрамдал харилцаагаа таслахгүйгээр харин ч улам эдийн засгийн боломжуудыг нь монгол улс өөртэй ашигтайгаар ашиглах ёстой болов уу, ОХУ бол ялт ч үгүй бидний найрсаг нөхөрсөг улс мөн
2023-10-19
huslee:
tuuniig barivchilaad mongol uls snaa uzeh uu? tsereg zevsgeer erunhiilegchee hamgaalahgui ym gehed , tulsh , shatahuunaa zogsoohod mongol uls yahav ?
2023-10-19
Иргэн:
Оросын ард түмэн хэцүү цагт ямагт Монголын ард түмэнд тусалж ирсэн. Хар бараан үэ ч байсан. Өнөөгийн Монголын тусгаар тогтнолыг оросууд л авч өгсөн юм шуу..
2023-10-19
Баянаа:
Путиныг ирэхээр нь гавлаад хүргэж өгөх болох нээ, баларсан юм. Урьж яадаг бнаа, ирлээ гээд манай орны нэр хүнд дэлхийд өсөх үү
2023-10-19
оросууд л баривчлах ёстой шд тэхгүй бол оросын залуус их хэмжээний өртэй болсон. монголд европын хоорондын дайн ямар хамаа байнаа
2023-10-19