Туркэд гурван өдрийн гашуудал зарлалаа
2023-10-19

Энэ сарын 17-ны үдэш Газын зурвас дахь Аль-Ахли эмнэлэг дээрээс пуужингийн цохилт өгсний улмаас 800 гаруй хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Газын зурваст болсон энэ эмгэнэлтэй хэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр гашуудал зарлажээ. 

 

Анадолу агентлагийн мэдээлснээр, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Газын зурвас дахь эмнэлэгт өгсөн цохилтын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж 10 дугаар сарын 19-21-ний өдрийг дуустал гурван өдрийн гашуудал зарлах зарлиг гаргасан байна. 

 

"Туркчүүд бид палестин ах дүүсийнхээ туулсан асар их зовлон шаналлыг зүрх сэтгэлээрээ мэдэрч байна. Манай орон ихэнх нь хүүхдүүд, гэм зэмгүй иргэд байсан олон хүний дурсгалыг хүндэтгэж байгаагаа илэрхийлэн гурван өдрийн үндэсний хэмжээний гашуудал зарлалаа" хэмээн Эрдоган мэдэгджээ. 

 

Гашуудлын гурван өдрийн хугацаанд Турк даяар төрийн байгууллагуудын дээр мандуулсан төрийн далбааг бөхийлгөх аж. Эрдоган гашуудал зарлах тухай тушаал гаргасныхаа дараа мэдэгдэл хийхдээ Газын зурвас дахь эмнэлэгт өгсөн цохилт нь "аймшигт Израилын халдлага" байсан гэж онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин