Мягмар гарагийн үдэш Газын эмнэлэг дээрээс цохилт өгсний улмаас олон хүн амиа алдсан. Үүний дараа дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд энэ үйлдлийг буруушаан шүүмжилж байна.
Энэ удаад Иракийн Гадаад өхэргийн яам Газын зурвас дахь Аль-Ахли эмнэлэгт Израил цохилтыг өгснийг шүүмжилж, дэлхийн нөлөө бүхий орнуудыг Израилын гэмт хэргийг зогсоохыг уриалсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
"Олон зуун гэм зэмгүй хүмүүс амиа алдаж, палестинчууд хохирсон, Газын зурвасын Аль-Ахли эмнэлэгт эзлэн түрэмгийлэгч эрх баригчид цохилт өгснийг Иракийн Гадаад хэргийн яам эрс шүүмжлэн буруушааж байна" хэмээн Гадаад хэргийн яамны мэдэгдэл өгүүлжээ. Түүнчлэн "дэлхийн бүх орон, тэр дундаа том, нөлөө бүхий орнууд энэ гэмт хэргийг зогсоохын тулд хөндлөнгөөс оролцох ёстой" хэмээн мэдэгдэлд онцолсон байна.
Мягмар гараг буюу 10 дугаар сарын 17-ны үдэш Газын зурвас дахь эмнэлэг пуужингийн цохилтод оногдож, 800 гаруй хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ цохилтод ХАМАС болон Израил нэгнээ буруутгасаар байгаа юм. Лхагва гарагт Израилын арми Газын зурвас дахь эмнэлэг пуужинд оногдож байгаа бичлэгийг цацсан. Бичлэгээс харахад "Исламын жихад" алан хядагч байгууллага пуужин харвасан нь бүтэлгүйтэж, улмаар Аль-Ахли эмнэлэг дээр унасан гэж армийн хэвлэлийн алба мэдээлсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |