Турк, Иорданд эсэргүүцэгчид Израилын элчин сайдын яам руу халджээ
2023-10-18

Мягмар гарагийн үдэш Газын зурваст болсон эмгэнэлт хэргийн улмаас дэлхийн олон оронд эсэргүүцлийн жагсаал дэгдэж байна. Газын зурвас дахь эмнэлгийг бөмбөгдсөний улмаас амиа алдсан хүний тоо 800-г давсан бөгөөд Турк, Иордан, Герман зэрэг орнуудад Израилыг буруутгасан иргэд жагсаал зохион байгуулжээ. 

 

МИР24 сувгийн мэдээлснээр, Туркийн Стамбул хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөж, улмаар эсэргүүцэгчид Израилын Элчин сайдын яамыг эзлэн авахыг оролдсон гэнэ. Эсэргүүцэгчдийг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашигласан ч үр дүнд хүрээгүй байна. Хүмүүс Израилын Элчин сайдын яамны барилга руу салют буудуулж, эмх замбараагүй байдал дэгдээжээ. Түүнчлэн Анкара хотод Израилын Элчин сайдын яам байрлах гудамжийг бүрэн хааж, тусгайгийнхан нэмэлт хүчээр хамгаалж эхэлсэн байна. 

 

Иорданд ч мөн Газын зурвасын эмнэлгийг бөмбөгдсөнд Израилыг буруутгасан олон нийт эсэргүүцэл, эмх замбараагүй байдал дэгдээсэн талаар Ройтерс дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Иорданын нийслэл Амман хотод эсэргүүцэгчид Израилын төлөөлөгчийн газрыг шатаах, эзлэн авахыг завджээ. Харин цагдаагийнхан жагсагчдын үйлдплийг таслан зогсоож чадсан байна. Иорданы эсэргүүцэгчид Израилын Элчин сайдыг хөөн гаргаж, дипломат төлөөлөгчийн газрыг хөөхийг шаарджээ.

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын 17-ны үдэш Газын зурвас дахь эмнэлгийн дээрээс цохилт өгсний улмаас олон хүн амиа алдсан бөгөөд 800 гаруй хүний аминд хүрсэн энэ цохилтод Израил, ХАМАС нэгнээ буруутгаж байгаа юм.

 

Газ дахь эмнэлэгт цохилт өгсний улмаас 800 хүн амиа алдаж, Палестинд гашуудал зарлав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин