ХАМАС олзны хүмүүсийг суллах шинэ болзол тулгав
2023-10-18

Палестины ХАМАС бүлэглэл энэ сарын долооны өдөр Израил руу халдаж, улмаар олон хүнийг барьцаалсан хэрэг гарсан. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Газын зурваст ХАМАС бүлэглэлийн барьцаанд 250 орчим хүн хоригдож байж болзошгүй, тэдний 22 нь Израилын бөмбөгдөлтийн улмаас амиа алдсан гэх бөгөөд бусад хүмүүсийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм. 

 

ХАМАС бүлэглэл олзны хүмүүсийг Израилын шоронгуудад хоригдож буй палестин хоригдлуудаар солих саналыг даваа гарагт гаргаж байв. Харин энэ удаад тэд шаардлагаа өөрчилжээ. 

 

Тодруулбал, Газын зурваст цохилт өгөхөө Израил зогсоовол олзны бүх хүнийг суллана гэж ХАМАС бүлэглэлийн улс төрийн удирдлагын гишүүн Муса Абу-Марзук амалсан байна.

 

Тэрбээр ийм мэдэгдлийг Аль-Жазира телевизэд ярилцлага өгөх үеэрээ хийжээ. 

 

"Гал зогсоовол бид эдгээр хүмүүсийг хориод байхгүй" хэмээн Муса Абу-Марзук цохон тэмдэглэсэн байна. Түүний өгүүлснээр, Газын зурваст цохилт өгч байгаа нөхцөлд олзны хүмүүсийг тээвэрлэх ямар ч боломжгүй гэнэ.

 

Өмнө нь, Газ дахь ХАМАС бүлэглэлийн удирдлагын төлөөлөгч Басим Наим даваа гарагт мэдэгдэл хийхдээ "түрэмгийлэл зогссон үед олзны хүмүүсийг суллах боломжтой, харин түрэмгийлэл зогсохгүй бол удахгүй суллах хүн ч үлдэхгүй, учир нь тэд Израилын армийн цохилтын улмаас амиа алдана" хэмээн ноцолж байв. Мөн барьцаалагдсан хүмүүсийн дунд Израилын армийн өндөр албан тушаалын хэд хэдэн офицер байгаа гэж ХАМАС мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хамас бүүр гөлөг болчиж.. дахиад 5 хоноход дуу нь ч гарахгүй болно
2023-10-18