Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдэсний улмаас Газын зурвасын олон мянган оршин суугч аюулгүй газар руу нүүн шилжихээс аргагүй болсон. Тэдний ихэнх нь хөрш зэргэлдээ орнуудыг зорьж байгаа. Харин Иордан Газын зурвасаас дүрвэгчид хүлээн авахгүй гэж мэдэгджээ. Энэ талаарх мэдээллийг Ройтерс дамжуулсан байна.
Тодруулбал, 10 дугаар сарын 17-ны өдөр Иорданын хаан II Абдалла Германы канцлер Олаф Шольцтой Берлин хотноо хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа Газын зурвасын оршин суугчид Иордан эсвэл Египет рүү дүрвэх оролдлого хийж болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар, хүмүүнлэгийн нөхцөл байдлыг Газын зурвас дотор болон Иордан голын Баруун эрэг дээр л шийдэх ёстой гэнэ.
"Энэ бол манай хязгаар. Учир нь Газын зурвас дахь нөхцөл байдлыг ашиглах гэсэн талууд байгаа гэж би бодож байна" хэмээн Иорданы хаан II Абдалла мэдэгджээ. Түүнчлэн Иордан болон Египет улс Палестины дүрвэгчдийн хуаранг нутаг дэвсгэр дээрээ бий болгохыг зөвшөөрөхгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Энд дуулгахад, 10 дугаар сарын долооны өглөө эхэлсэн Израил, ХАМАС-ын дайн 10 дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр, энэ хугацаанд Израилд 1,4 мянган хүн амиа алдсан бол Газын зурваст амиа алдсаны хүний тоо хэдийнэ 3000-ыг давжээ.
Уншиж байна |