Мягмар гарагийн үдэш Газын зурвас дахь эмнэлэгт цохилт өгсний улмаас олон зуун хүн амиа алдсан талаарх мэдээллийг бид дамжуулсан.
Газ дахь эмнэлэгт цохилт өгсний улмаас 600 хүн амиа алдаж, Палестинд гашуудал зарлав
Олон улсын хэвлэлүүд цохилтын улмаас амиа алдсан хүмүүсийн тоог 600 гэж мэдээлж байсан бол хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, амиа алдсан хүний тоо 800-г давжээ. Мөн хохирогчдын тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй, учир нь нурангин дор олон хүн дарагдсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Энэ хэргийн дараа олон улсын төрийн тэргүүнүүд мэдэгдэл хийж, цохилтыг буруушааж байлаа. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Газын зурвас дахь эмнэлэгт цохилт өгсөн хэргийг мөрдөн шалгах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүний өгүүлснээр АНУ болсон хэрэгтэй холбоотой мэдээллийг цуглуулж эхэлсэн байна. Мөн Их Британи ч холбоотнуудынхаа хамтаар болсон хэргийг мөрдөн шалгана хэмээн мэдэгдсэн байна.
"Энэ талаар мэдсэн даруйдаа би Иорданы хаан II Абдалла болон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хэлэлцсэний дээр, үндпэсний аюулгүй байдлын асуудал хариуцдаг багтаа болсон хэрэгтээ холбоотой мэдээлэл цуглуулахыг үүрэг болгосон" гэж Жо Байдены мэдэгдэлд өгүүлжээ.
Харин Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли хүний амь насыг хамгаалах нь Их Британийн тэргүүлэх зорилт тул Газ дахь эмнэлэгт цохилт өгсөн явдлыг нарийвчлан мөрдөн шалгана гэж мэдэгдсэн байна.
"Аль-Ахли эмнэлэг нурж, хүний амь нас хохирлоо. Хүнийг хамгаалах асуудал нэгдүгээрт тавигдах ёстой гэдгийг Их Британи онцолж байна. Тиймээс бид болсон хэргийн нөхцөл байдлыг тодруулж, Газын зурвас дахь гэм зэмгүй иргэдийг хамгаалахын тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллана" хэмэээн Жеймс Клеверли мэдэгджээ.
Газын зурвас дахь эмнэлэгт 10 дугаар сарын 17-ны үдэш цохилт өгсөн юм. Энэ цохилтын улмаас 800 гаруй хүн амиа алдсан гэж Аль-Арабия мэдээлжээ. Олон хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсны дараа Палестин гурав хоногийн гашуудал зарласан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |