Энэ сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдсанаар, Израил, Палестины хооронд дайн дэгдсэн юм. Израил ХАМАС-ын дайралтын хариуд Газын зурваст агаараас цохилт өгч, цаашлаад энэ бүс нутагт хуурай замын ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн ч энэ ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байв. Хэдийгээр хуурай замын цэргийн ажиллагааг хойшлуулсан ч Израилын арми Газын зурваст агаараас цохилт өгсөн хэвээр байна. Хуурай замын цэргийн ажиллагаа явуулах болсон талаараа мэдэгдэхдээ Израилын тал Газын оршин суугчдыг 24 цагийн дотор нүүх ёстой гэж мэдэгдэж байв.
Улмаар Газын зурвасын оршин суугчдын 600 мянга орчим нь аюулгүй газар руу нүүсэн бол энэ хотод 100 мянга орчим хүн гарах гарцгүй болж тэдний олонх нь Газын зурвасын эмнэлгийн хашаанд цуглан , бөмбөгдөлтөд оногдохгүй гэж найдан, тусламж хүлээж байгаа талаарх мэдээлэл мягмар гарагт гарч байлаа. Хэдийгээр оршин суугчид эмнэлгийн нутаг дэвсгэрт цуглан, бөмбөгдөлтөөс зугтсан эмнэлгийн дээрээс цохилт өгсөн харамсалтай хэрэг гарчээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Газын зурвас дахь Аль-Ахли эмнэлэг мягмар гарагийн үдэш цохилтод өртсөн байна. Энэ цохилтыг Израилын арми өгсөн бөгөөд улмаар 600 хүн амиа алдаж, 900 гаруй хүн шархадсан гэж ХАМАС мэдэгджээ. Харин Палестины Эрүүл мэндийн яам 200-500 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, энэ эмнэлэгт өвчтөнүүдээс гадна Израилын армийн цохилтоос хоргодож байсан хүмүүс ч байсан гэнэ.
Харин Израилын тал арми нь цохилт өгсөн гэсэн мэдпээллийг няцааж, "Исламын жихад" бүлэглэл эмнэлэгт цохилт өгсөн гэж мэдээлжээ.
"ЦАХАЛ-ын шуурхай мэдээллээс харахад сөргөлдөгч тал пуужинагар цохилт өгсний улмаас эмнэлгийн бүсэд дэлбэрэлт болсон. Энэ цохилтын хариуцлагыг "Исламын жихад" бүлэглэл хүлээх ёстой гэдэг нь тагнуулын мэдээллээс харагдаж байна" хэмээн Израилын армийн мэдэгдэлд өгүүлжээ.
Мөн энэ цохилтыг Израилын Ерөнхий сайд эрс шүүмжлэн, "Газын зурваст зэрлэг алан хядагчид цохилт өглөө" хэмээн мэдэгдсэн байна.
"Манай хүүхдүүдийг зэрлэгээр хөнөөсөн тэр хүмүүс өөрсдийнхөө хүүхдийг ч хөнөөж байна" хэмээн Нетаньяху мэдэгджээ.
Харин ХАМАС бүлэглэл болсон хэргийн төлөө хүлээх хариуцлага АНУ-д ч хамаатай, энэ улсын дэмжлэгтэйгээр Израил хөдлөж байгаа хэмээн буруутгасан байна.
Ройтерс агентлагын мэдээлснээр, Газын зурвас дахь эмнэлэгт цохилт өгсний улмаас олон зуун хүн амиа алдсаны дараа Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас уулзалтуудаа цуцалсан байна.
Махмуд Аббас Иордан дахь дээд хэмжээний уулзалтад оролцох, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзах зэрэг төлөвлөгөөтэй байсан ч төлөвлөсөн ажлуудаа бүгдийг цуцалж, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр Палестинд гурван өдрийн гашуудал зарлажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ч Иордани руу хийх айлчлалаа цуцлан, эмгэнэлт үйл явдал болсонтой холбоотойгоор эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн Иорданд товлогдсон дээд хэмжээний уулзалт цуцлагджээ.
Эмнэлэгт цохилт өгсөн үйл явдлыг НҮБ, Европын холбоо, Арабын орнуудын Лиг, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар буруушаасан байна. Мөн Эрдоган "хил хязгаарыг давсан хэрцгийллийг нэн даруй зогсоох"-ыг уриалжээ. Үүний зэрэгцээ Турк, Египет, Иордан, Саудын Араб, Бахрейн гэсэн орнууд болсон хэрэгт Израилыг буруутгажээ.
Ийнхүү эмгэнэлт явдал болсны дараа Палестины Раммалла хотод эсэргүүцэл дэгдсэн байна. Иргэд Ерөнхийлөгч Махмуд Аббасыг буруутган, хүчний байгууллагуудын автомашин руу чулуу шидэж, үймээн дэгдсэний хариуд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, гэрэлт дуут гранат ашиглан тараажээ. Түүнчлэн Иордан, Египет, Ливан, Ирак, Иран, Тунис, Турк, Йемен, Сирид ч эсэргүүцэл дэгдэж байгаа аж.
Үхлийн зурвас буюу цуст занганд орсон Газын оршин суугчид
Г.Бямбасүрэн
Уншиж байна |