Владимир Путин, У.Хүрэлсүх нар Бээжинд уулзана
2023-10-17

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Бүс ба зам" дээд хэмжээний уулзалтад оролцохоор 10 дугаар сарын 17-ны өглөө Бээжингийн олон улсын "Шоуду" нисэх буудал дээр газарджээ. 

 

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын "Бүс ба зам" форум нь 10 дугаар сарын 17-ны өдөр Бээжин хотноо эхлэж байгаа юм. Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жинпиний урилгаар ирсэн Владимир Путин дээд хэмжээний уулзалтын гол зочин байх аж. Путин өмнөх бүх форум буюу 2017, 2019р онуудад зохион байгуулагдсан арга хэмжээнд ч оролцож байв.

 

Харин өнгөрсөн жилээс хойш анх удаа Хятадад айлчилж байгаа нь энэ бөгөөд 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-д Өвлийн олимпын нээлт болоход Владимир Путин ёслолын арга хэмжээнд оролцож байлаа.

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, олон улсын форумд дэлхийн 23 орны төрийн тэргүүн оролцож байгаа аж. Владимир Путин 10 дугаар сарын 17-ны өдөр Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Тхыонг, Таиландын Ерөнхий сайд Сеттха Тхависин нартай уулзах юм байна. Цаашлаад 10 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй хоёр талт хэлэлцээр хийх аж. 

 

Түүнчлэн Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орос, хятадын төрийн тэргүүнтэй хоёр талт хэлэлцээр хийж, Ховд аймагт баригдах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурна гэж Жэнминь Жибао сонин мэдээлжээ. 

 

Энд дуулгахад, "Бүс ба зам" форум энэ сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ жилийн үндсэн сэдэв нь цахим эдийн засгийг урагшлуулах, дэд бүтцийн холбоо харилцаатай байдлыг нэмэгдүүлэх, олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн болоод тэнгисийн хамтын ажиллагааг бэхжүүлэхтэй холбоотой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин