ХАМАС олзны хүмүүсийг солилцоход бэлэн гэв
2023-10-17

Палестины ХАМАС бүлэглэл энэ сарын долооны өдөр Израил руу халдаж, улмаар олон хүнийг барьцаалсан хэрэг гарсан. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Газын зурваст ХАМАС бүлэглэлийн барьцаанд 250 орчим хүн хоригдож байж болзошгүй, тэдний 22 нь Израилын бөмбөгдөлтийн улмаас амиа алдсан гэх бөгөөд бусад хүмүүсийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм. 

 

ХАМАС бүлэглэл олзны хүмүүсээ палестин хоригдлуудаар солих шаардлага тавьж магадгүй гэж шинжээчид үзэж байлаа. Тэдний таамаглал зөвдөж, ийм болзлыг ХАМАС тавьжээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Израилын арми ХАМАС бүлэглэл Израилын 199 хүнийг барьцаалсан, гэхдээ тэдний ихэнх нь гадаад улсын паспорттой гэж мэдээлж байсан аж. Харин ХАМАС-ын төлөөлөгч тэдний олзонд 200-250 хүн байгаа гэж мэдэгдээд олзны хүмүүсийг Израилын шоронд байгаа 6000 палестин хоригдлоор солиход бэлэн гэж мэдэгджээ.

 

ХАМАС-ын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Газын зурваст байгаа олзны хүмүүсийн тоог тодорхой хэлэх боломжгүй, учир нь цэргийн ажиллагааны улмаас холбоо харилцаа тасарсан гэнэ.

 

Түрэмгийлэл зогссон үед олзны хүмүүсийг суллах боломжтой, харин түрэмгийлэл зогсохгүй бол удахгүй суллах хүн ч үлдэхгүй, учир нь тэд Израилын армийн цохилтын улмаас амиа алдана гэж Газ дахь ХАМАс бүлэглэлийн удирдлагын төлөөлөгч Басим Наим мэдэгдсэн байна. Мөн барьцаалагдсан хүмүүсийн дунд Израилын армийн өндөр албан тушаалын хэд хэдэн офицер байгаа гэж ХАМАС мэдэгджээ. 

 

Израилын иргэдийг ийнхүү палестины хоригдлуудаар солих бол олзлогдсон гадаадын иргэдийг "нөхцөл байдал бүрдсэн үед" суллана хэмээн ХАМАС-ын төлөөлөгч мэдэгдээд, олзны хүмүүст дайсагнасан байдлаар хандаагүй, тэднийгүй өөрсдийн зочин гэж үзэж байгаа, олзны хүмүүст хүмүүнлэг хандах тал дээр анхаарч байгаа хэмээн онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
За хуц аа Бадмаа
2023-10-17